Талийгаачийн эхнэр Д.Оюунтунгалаг: Цагдаатай холбоотой хэргийг удаа дараа хойшлуулж, хэргийг замхруулахаар санаархаж байна

Талийгаачийн эхнэр Д.Оюунтунгалаг: Цагдаатай холбоотой хэргийг удаа дараа хойшлуулж, хэргийг замхруулахаар санаархаж байна

Төв аймгийн цагдаагийн газрын алба хаагч нарт холбогдох хүн амины хэргийн шүүх хурал энэ сарын 18-ны өдөр болохоор товлогдсон ч хойшложээ.

Шүүх хурал хэрэгт холбогдогч талын өмгөөлөгч болон прокурор нь шүүх хуралд ирээгүй гэх шалтгаанаар хойшилсон байна.  Хэргийг эргэн сануулахад,  2019 оны  есдүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаагийн алба хаагч Ө, У нар 61 настай иргэн Г-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэх үндэслэлээр цагдаагийн хэлтэс рүү авч явах замдаа амийг нь хохироосон байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байдаг. Тэгвэл уг хэргийг шүүх хурал өмнө нь гурван удаа хойшилж байсан бол энэ удаа дөрөв дэхь удаагаа хойшилсонд хохирогчийн ар гэрийнхэн гомдолтой байгаа юм. 

Талийгаачийн эхнэр Д.Оюунтунгалаг "Энэ хэргийн шүүх хурал үндэслэлгүйгээр дөрөв дэхь удаагаа хойшилж байна. Энэ нь хэргийг замхруулахыг санаархаж байгаагийн нэг хэлбэр гэж бид үзэж байгаа.

Эл хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч нар өнөөдөр ч албан үүргээ гүйцэтгээд явж байна. Уг нь энэ хэрэг амьд гэрчтэй. Гэтэл хэрэг шийдэгдэхгүй байгаад бид гомдолтой байна. Үүгээр ч зогсохгүй Төв аймгийн прокурор н.Даваасүрэн гэж хүн "Хохирогч эмнэлэгт амьд ирсэн. Эмнэлгийн зүгээс шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь аваагүй" гэж хэлсэн. Түүний хэлж буйгаар цагдаа нар биш эмнэлгийн байгууллага буруутай болж, тэндэн рүү хэргийг бухахаар оролдож байна" хэмээлээ.