“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сар хүртэл хойшилжээ

“Тод каннам” эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хурал ирэх сар хүртэл хойшилжээ

“Тод каннам” гоо заслын эмнэлгийн эмч Д.Тодномбат, Б.Мөнгөнчимэг нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болохоор товлогдсон байсан ч хойшилжээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт ирүүлсэн тус эмнэлгийн эмч нарт холбогдох хэргийн шүүх хуралд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Л.Баасанжав нар шинжээч нэмж оролцуулах хүсэлт ирүүлсэн бөгөөд иргэний хариуцагч Д.Тодномбат ковидын ойрын хавьтал болсон гэх  бичиг баримт ирүүлсэн байна.

Харин шинжээч Б.Байгалмаа хөдөө орон нутагт томилолтоор ажиллаж байгаа тул шүүх хуралдаанд оролцох боломжгүй тухайгаа мэдэгдсэн аж. Тиймээс шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны 12 дугаар сарын 15-ны 09.00 цаг хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газраас мэдээллээ.