С.БОЛОРМАА АГСНЫ ЭЭЖ: Миний охиныг архичин болгож над руу дайрсан. Үлдсэн хугацаандаа би үнэний төлөө явна

С.БОЛОРМАА АГСНЫ ЭЭЖ: Миний охиныг архичин болгож над руу дайрсан. Үлдсэн хугацаандаа би үнэний төлөө явна

Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа амиа алдсан хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн Баасан гарагт болов. Шүүхээс хэрэгт буруутгагдаад байсан аймгийн Засаг дарга В.Рэнцэндорж тэргүүтэй хүмүүсийг цагаатгаж шийдвэрлэсэн. 

Энэ талаар талийгаачийн ээж Г.Ундрам "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Яллах дүгнэлт үйлдэж байгаа прокурор Эрүүгийн хуулийн 15.2-оор ийм байдаг юм гээд тайлбарлаад байхад өмгөөлөгчид "Тэр чинь ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдүүдэд зориулсан заалт" гээд халгаагаагүй. Миний охин залуу хүн учраас хууль үйлчлэхгүй юм байна. Үхсэнийх нь хохь болж байгаа юм байна. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэгчээр бүхэл бүтэн миний охиныг өрөөндөө аваачих арга хэмжээг Засаг дарга, н.Лхагважаргал хоёр зохион байгуулж хийчхээд эцэст нь ийм шийдвэр гаргасан нь үнэхээр хачирхалтай.

Монголын ард түмэн энэ асуудалд ихээхэн анхаарч байна. Хөгшин бид хоёроос төрсөн болохоос биш охин маань түмний хүүхэд байжээ. Байр сууриа эзэлчихсэн, олон нийтийн төлөө үйлчилж байжээ. Үүнийг сая л сэхээ орж уншиж, харж сууна. Монголын ард түмэн үнэнийг хүсэж байна. Би ч 30, 40 жил наслахгүй. Үлдсэн хугацаандаа би үнэний төлөө явна. Үнэний төлөө явахад өлсөх ч эрх байгаа.

Хүн гээч амьтан өөрийнхөө арьсыг л хамгаалж гардаг юм байна. Өөрийнх нь жолооч байхад нэг мэргэжилтнээ аваад яв гэснээс болоод тэр хүүхэд бас хэлмэгдэж байна. Тэр хүүхдэд өгч явуулснаар Лхагважаргал арьсаа хамгаалаад үлдэж байна. Нэг бол согтуу тасарсан байсан гэснээ нэг бол эрүүл байсан гээд ярьж байгаа, өмгөөлөгчдөө хэлж байгаа нь надад ерөөсөө санаанд буугаагүй. Хүн харваас ил тод хэрэг дээр ингэж завааруулж завхруулна гэдэг огт байж болохгүй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Шүүхийн ерөнхий зөвлөл үүнийг анхааралдаа аваасай гэж бодож байна. Би ч энэ талаар гомдлоо гаргаж бичнэ" гэлээ.