“Аэро Монголиа”-ийн онгоц "гүйж байхдаа дугуй нь хагарсан"-ыг нисэх буудлынхан мэдэлгүй хугацаа алдсан гэж үзэж байгаа аж

“Аэро Монголиа”-ийн онгоц "гүйж байхдаа дугуй нь хагарсан"-ыг нисэх буудлынхан мэдэлгүй хугацаа алдсан гэж үзэж байгаа аж

“Аэро Монголиа” компанийн Embraer-145 маркийн онгоц өнгөрөгч долоо хоногийн Мягмар гараг /2021.11.16/-т баруун аймгуудын чиглэлд хөөрч, Завхан аймгийн “Доной” нисэх буудалд 16 цагийн орчимд газарсан. Учир нь тус онгоцны баруун дугуй нь хагарсан гэдгийг сүүлд мэдэж ийнхүү Завхан аймагт газардуулсан байж болзошгүй байдаг.

Тодруулбал, албаны хүмүүс “Чингис хаан” нисэх буудлын хөөрөх зурваст шалгалт хийхэд “нисэх зурвасны гадаргуугаас тус онгоцны дугуйны резины хэсгүүд олдсон” гэж буй. Ингээд тус онгоцыг ойролцоох нисэх буудалдаа яаралтай буухыг газрын удирдлагаас өгчээ. Энэ талаар тус онгоцоор зорчсон зарим иргэд, “Чингис хаан нисэх буудлаас хөөрөх үеэр л тас хийх чимээ гарсан. Ер нь яаж овоо осолдчихгүй шиг газардсан юм. Бурхан минь” гэсэн юм.

Тэгвэл зарим эх сурвалжууд, “Embraer-145 маркийн онгоц нь нэг дугуй болоод нэг хөдөлгүүр дээрээ ямар ч асуудалгүй буулт хийхээр бүтээгдсэн. “Аэро Монголиа” компанийн Embraer-145 маркийн онгоцны хувьд “дугуй” нь Хөшигийн хөндий дахь шинэ нисэх буудлын гүйх зурваст хөөрөх гээд явж байхад нь хагарсан байж болзошгүй байгаа. Харин айрпортын шалгалтын автомашин онгоц хөөрөнгүүт нь гүйх зурваст эргүүл хийсэн бол хагархай дугуйтайг нь мэдээд Хөшигийн хөндийд буцааж дуудах боломж байсан.

Гэтэл онгоц 1 цаг орчим яваад Завхан аймагт газардсан. Учир нь айрпортоос “гүйх зурваст дугуйны резин олсон” гэж мэдэгдсэн юм билээ” гэсэн юм.

Сонирхуулахад, өмнө нь нэр бүхий компанийн онгоц урд дугуйгаа гээж, хөөрснийг ньнисэхийн аэродром үзлэгээ хийж мэдээд, тус онгоцыг буцаан дуудаж, үлдсэн дугуй дээр нь буулгаж байсан тохиолдол ч гарч байжээ. Иймд зарим албаны хүмүүс, тус асуудалд, “Хөшигийн хөндий дахь нисэх буудлын айрпортын шалгалтынхан хугацаа алдсан” гэж таамаглаж байгаа бололтой. Харин “Аэро Монголиа” компанийн Embraer-145 маркийн онгоцны засварын ажил Завхан аймагт өнөөдөр /2021.11.24/-ийг хүртэл үргэлжилж байж болзошгүй байна. Тодруулбал, нисэх буудлын хяналтынхан хугацаа алдалгүй асуудлыг мэдсэн бол, Хөшигийн хөндийд газардуулж болох байжээ.