Д.Бүжинлхам: Хар тамхины талаар дахин жиргэвэл хорино эсвэл албадан эмчилгээнд явуулна гэсэн

Д.Бүжинлхам: Хар тамхины талаар дахин жиргэвэл хорино эсвэл албадан эмчилгээнд явуулна гэсэн

Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлсэн зарим иргэдийг хуулийн байгууллагаас шалгаж, Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд нь халдаж байж болзошгүй мэдээлэл гарах болсон.

Тухайлбал, “Цайны сургууль” гэх цахим хаягаар твиттер хуудаст, “хар тамхины хэрэглээний талаар” жиргэсэн иргэн Д.Бүжинлхамыг цагдаагийн байгууллага гурван өдрийн турш шалгаж, улмаар хар тамхины сорьц шинжилгээ авсан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад буй. Иймд бид иргэн Д.Бүжинлхамтай болсон үйл явдлын талаар ярилцлаа.

-НЭР БҮХИЙ СУРГУУЛИЙН СУРАГЧИД МАНСУУРУУЛАХ БОДИС ХЭРЭГЛЭДЭГ ТАЛААР ЖИРГЭСЭН БОЛОХООР ЦАГДАА НАР ХУРДАН ШАЛГАСАН-

-Цахим орчинд үзэл бодлоо илэрхийлснийх нь төлөө цагдаагийн байгууллагаас шалгасан хэмээн та цахим хуудаснаа жиргэсэн байсан. Энэ талаар тодруулаач?

-Намайг DJ ELLE гэдэг. Би шөнийн клубүүдэд DJ хийгээд таван жил болж байна. Нэг үгээр хэлбэл таван жил шөнийн амьдралаар амьдарч байна. Миний хүрээлэлд насанд хүрээгүй болон хар тамхи хэрэглэж байсан хүүхдүүд орж ирж байсан. Худалдан борлуулж байсан найз, нөхөд маань хүртэл ялаа аваад эдэлж байгаа. Би энэ талаараа л жиргэсэн. Ер нь өөрийн мэддэг бүхнээ жиргээчдэд дуулгахыг хүссэн.

-Та хэр удаан хугацаанд жиргэж байна вэ?

-Сүүлийн 15 хоногт эрчимтэй жиргэж байна. Энэ хугацаанд маш олон твит хийсэн. Тэр бүхэн маань нөлөө бүхий жиргээчдийн хараанд өртөж, анхаарлын төвд орсон. Урд өмнө нь твиттерт ийм явдал гарч байгаагүй. Би твиттерт жиргэж, сошиал медиа хэрэглэснийхээ төлөө шалгагдаж байгаа анхны жиргээч болсон байх. Тиймээс ч жиргээчид энэ талаар хэлэлцүүлэг өрнүүлж, трэнд сэдэв болж чадсан.

-Та хэн нэгний нэр хүндэд халдсан юм уу. Таныг хэн нэгний гомдлоор шалгасан юм болов уу?

-Маш олон хүмүүс мансууруулах бодисын талаар жиргэдэг. Харин би нөлөө бүхий хоёр сургууль буюу … (аж ахуй нэгжийн нэр хүндэд бид халдаж болзошгүй тул сургуулийн нэрийг нууцлав) сургуулийн сурагчид мансууруулах бодис хэрэглэдэг талаар жиргэсэн. Энэ нь маш их хандалт авсан. Тиймээс ч цагдаа нар миний нэр, гэрийн хаягийг маш хурдан олж мэдээд Улаанбаатар хотоос Дархан-Уул аймагт гэртээ түр ирээд байхад маань олж ирээд авч явж байцаасан. Үүнийг Монгол Улсад цахим орчин маш өндөр хэмжээнд хөгжсөн байна гэж харж байгаа.

-Цагдаа нар өөрийг тань анх шалгахдаа хэн нэгний гомдол, мэдүүлгээр шалгасан уу? Ямар үндэслэлээр таныг анх шалгаж эхэлсэн юм бэ?

-Миний бодлоор дээрх сургуулиудын удирдлага маш сайн байна гэж үзэж байгаа. PR болон маркетингийн менежерүүд нь сургуулийн нэр хүндэд халдлаа гэж үзсэн байх. Эдгээр сургуульд чинь хүүхдүүдээ өгөхийн тулд хүмүүс бүр дугаарладаг, нэлээд зүйл болж ордог сургууль шүү дээ. Тийм учраас маш олон бизнесүүдийг нураах боломжтой учраас энэ сэдэв газар авбал хүүхдүүд болон эцэг, эхчүүд айгаад хүүхдээ тэр сургуульд өгөхөө болих учраас надад арга хэмжээ авсан гэж үзэж байгаа. Харин нөгөө талаас гэвэл цагдаагийнхан ажлаа маш сайн хийж байгаа гэж харсан.

-Таныг хаанахын цагдаа нар барьж явж шалгасан юм бэ?

-Хар тамхитай тэмцэх хэлтсээс Дархан-Уул аймгийн цагдаа руу залгаад намайг хорихыг шаардсан байсан. Гэсэн ч эмчийн тодорхойлолтоор хорихгүйгээр гурван хоног байцаасан.

-Ямар шалтгаанаар хорино гэсэн юм бол?

-Хориотой сэдвээр жиргэсэн учраас. Мөн дахин жиргэвэл хорино эсвэл албадан эмчилгээнд явуулна гэсэн. Тэгээд жиргээнийхээ сэдвийг өөрчлөхийг шаардсан. Цагдаа нар “Миний дүү маш олон гоё сэдэв байна. Жиргээнийхээ сэдвийг өөрчилж, нар шиг гоё сэдвээр жиргэх”-ийг зөвлөсөн. Тиймээс л би сүүлийн үед хар тамхины талаар жиргэж чадахгүй байгаа.

-Та байцаалт өгсөн талаараа мөн жиргэсэн байсан?

-Тийм ээ. Би цагдаагаас байцааж байгаа талаараа жиргэтэл, цагдаа нар дахин гэрт ирж, жиргээнүүдээ устгахыг шаардсан. Харин би “Энэ бол миний эрх учир жиргээгээ устгахгүй” гэдгээ мэдэгдсэн. Тэгтэл цагдаа нар “Хэрэв чамайг жиргээнүүдээ устгахгүй бол албадан эмчилгээнд явуулна. Шар хадны эмнэлэгт хэвтүүлнэ” гэж сүрдүүлсэн. Тиймээс би жиргээгээ устгасан. Мөн бүр болохгүй үгэнд нь орохгүй байвал хаягийг минь устгах хүртэл арга хэмжээ авна. Өөрт нь бүрэн эрх байгаа гэдгийг надад хэлсэн.

-Хар тамхины талаар жиргэсэн танийг хар тамхи хэрэглэсэн эсэхийг шалгаж, шинжилгээ авсан гэж байсан. Яагаад шинжилгээ авсан юм бол?

-Би уг нь хүмүүс, хүүхдүүд хар тамхи хэрэглээд байна. Үүнтэй тэмцэх хэрэгтэй гэж жиргэсэн. Гэтэл намайг хар тамхи хэрэглэдэг мэтээр үзэж, мансууруулах бодисын шинжилгээ сорьц авсан. Харин миний сорьц эрүүл гарсан учраас би гэртээ ирсэн. Тухайн үед цагдаа нар “Чамайг гэмгүй гэдгийг нотлохын тулд чиний төлөө шинжилгээ авч байна” гэж тайлбарлаж байсан. Би бол миний төлөө гэж харахгүй байгаа. Харин намайг ахин хар тамхины талаар жиргэж болохгүй гэсэн хатуу сануулга гэж ойлгож байна.

-Өөрийг тань сэтгэцийн хувьд эмгэгтэй талаарх мэдээлэл гарсан. Тиймээс ч цагдаа нар албадан эмчилгээнд явуулна хэмээн сүрдүүлсэн байх. Та үүнд хариулт өгөөч?

-Миний хувьд нойргүйдлийн эмгэгтэй. Тиймээс ч 2014 оноос хойш Шар хадны эмнэлэгт хэд, хэдэн удаа хэвтэн эмчлүүлж байсан.

-НИЙГМИЙН БҮХ БОЛОХГҮЙ ЗҮЙЛИЙГ ТОВЧ ТОДОРХОЙ, БОГИНО, ХОШИН МАЯГААР ЖИРГЭСЭН-

-Та заримдаа их сонин содон зүйл жиргэдэг. Жишээ нь өчигдөр “Өсвөр насны хүүхдүүдийг худалдана. Биеэ үнэлэгч байна” гэх мэтийн зүйл жиргэсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

-Энэ бол үнэн. Би нийгмийн бодит байдлыг саркаалсан байдлаар тайлбарласан. Би МУИС маркетингийн менежер мэргэжлээр төгссөн. Маркетинг бол зах зээлийг эзэгнэсэн хааш нь бол хааш нь л шууруулах боломжтой. Тиймээс ч сонирхолтой хошин байдлаар нийгмийн асуудлыг илэрхийлсэн юм. Хошин шог гэдэг бол нийгмийн эмзэг сэдвийг инээдэмтэй байдлаар илэрхийлдэг. Ард нь уй гашуу нэгийг бодогдуулдаг тийм урлаг учраас энэ аргийг ашигласан. Тэгээд жиргээ нь дээрээ хэлэхэд миний мэдэх 15,16-тай охид маш их биеэ үнэлэх, өөрөөсөө ах хүмүүсээс мөнгө авдаг, мансууруулах бодис хэрэглэдэг, хоёр гурван удаа үр хөндөлт хийлгэсэн гэх мэт өсвөр насныхныг би маш олон харсан учраас тэр бүгдийг товч тодорхой, богино хошин маягаар жиргэсэн.

- Энэ бүх жиргээний гол зорилго нь юу вэ?

-Жиргээ гэдэг бол мэдээллийг түгээх, маш хурдан шувуу шиг жиргэж байх ёстой гэж боддог. Гэтэл одоо хүмүүс твиттерийг инстаграм, фэйсбүүк шиг ашиглаад 70 хувь нь селфи, хоол, 30 хувь нь +18 жиргэдэг болсон байна. Өмнө нь ийм байгаагүй одоо л утгаа алдаад байна. Эр, эмгүй, УИХ гишүүд гэлтгүй +18 бэлгийн амьдрал жиргэж байгаа шулуухан хэлэхэд. Тэрийг би жаахан шүүмжилсэн маягаар “Та нар хурц сэдвээр, нийгэмдээ үр дүнтэй, нийгмээ өөрчлөх ёстой хүмүүс болохоос биш хоорондоо танилцдаг зүйл биш шүү” гэдгийг харуулахыг зорьсон.

-Монголд DJ нарын холбоо байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулаач?

-Би DJ нарын эрх ашгийн төлөө маш их тэмцэнэ. Монголд DJ нарын холбоо байгуулаад Монголын хамгийн анхны веб сайтыг нээхээр төлөвлөж байгаа. Нэгдүгээрт нийгмийн хариуцлагын хүрээнд жиргэсэн. Хоёрдугаарт энэ бол миний DJ нарын холбооны маркетинг байгаа. Галзуу биеэ үнэлдэг, DJ охин жиргээд байна гэдэг зүйл хүмүүст нэлээн хүрсэн.

-Эцэст нь асуухад таны жиргээд байгаа сэдэв бүхэн тань эцсийн дүндээ зүгээр л маркетинг байсан гээд төгсөх юм биш биз дээ?

-Үгүй ээ. Миний жиргээ бол бүгд үнэн. Би баттай хэлж чадна.

-Ярилцсанд баярлалаа.