ХАВТАСТ ХЭРЭГ: Зам асуусан эмэгтэйг “Архи нэхлээ” хэмээн амь насанд нь хүрсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ

ХАВТАСТ ХЭРЭГ: Зам асуусан эмэгтэйг “Архи нэхлээ” хэмээн амь насанд нь хүрсэн этгээдэд 11 жилийн хорих ял оноожээ

Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын нутаг дэвсгэрт өөрөөс нь зам асуусан 45 настай эмэгтэйг “архи нэхлээ” хэмээн боож унагаан, чулуугаар цохиж амь насыг нь хороож, улмаар гэмт хэргээ нуун далдалж, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор автомашинтай нь цогцсыг галдан шатаасан хэрэг гарч, бүхэл бүтэн хоёр жилийн дараа буюу энэ оны арваннэгдүгээр сард шүүхээр шийдвэрлэсэн байна.

Иймээс иргэд хөдөө, гадаа явахдаа анхаарал боломжоо алдахгүй, цаашлаад согтууруулах ундааны зүйлийг тохируулан хэрэглэж байхыг анхааруулж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.

-"ЗАМ АСУУСАН ЭМЭГТЭЙГ АРХИ УУЯ ГЭХЭЭР НЬ ШУУД ДАГАЖ ЯВСАН"-

Хэргийг тодруулбал, энэ гэмт хэрэг нь өнгөрөгч 2019 оны есдүгээр сарын 02-ны өдөр /2019.09.02/ болсон байна. Гэсэн хэдий ч бүтэн хоёр жилийн турш ар гэрийн хүсэлт болоод мөрдөн шалгалтын ажиллагаа, цар тахал гэх мэт зүйлсээс болж хоёр жилийн дараа ийнхүү шүүхээр орж шийдэгдсэн байна. 

Эх сурвалжийн бидэнд өгсөн мэдээлэлд Б нь тус хэргийн талаар мэдүүлэхдээ, “Би анх адуу хайгаад тус сумын нутаг дэвсгэрт явж байсан. Замдаа нэг машинтай хүнтэй таарсан. Тэр эмэгтэй надаас зам асуухаар нь мэдэхгүй гэдгээ хэлсэн. Тэгээд тэр эгч урагшаа явснаа буцаж ирээд намайг шууд “сэтгэл санаа тавгүй байна архи ууя” гэсэн. Би морио чөдөрлөж орхиод тэр эгчийн машинд суугаад хадтай газар очиж уугаад надаас архи нэхсэн учир маргалдсан.

Маргалдаж байхдаа тэр эгч миний толгой руу нэг юмаар цохихоор нь миний уур хүрээд боож унагаад толгой руу нь чулуугаар цохисон” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэв. Харин хохирогчийн гэр бүлийн зүгээс тус асуудалд ихээхэн бухимдаж, гомдолтой байгаагаа илэрхийлж, сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх боломжгүй тул автомашины үнээ нэхэмжилж байна гэсэн аж.

-Б-Д ХААЛТТАЙ ХОРИХ АНГИД 11 ЖИЛИЙН ХУГАЦААГААР ХОРИХ ЯЛ ОНООЖЭЭ-

Шүүх шинжилгээний дүгнэлтээр талийгаач эмэгтэйн согтолтын зэрэг нь хөнгөн хэлбэрт хамаарч байсан нь хэрэгтэн Б-г шүүх хурлын үеэр хэргээс бултаж, мэдүүлэг зөрүүтэй байсан гэж үзэхэд хүргэсэн байна. Мөн гэмт хэргээ нуун далдлах, гэмт хэргийн ул мөрийг устгах зорилгоор цогцсыг автомашинтай нь галдан шатаасан үйлдлийг хүний амьд явах эрхэд санаатай халдсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг мөн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж 11 жилийн хугацаагаар хаалттай хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.