ТОДРУУЛГА: Хүчирхийллийн улмаас галд өртсөн эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт түр хамгаалах байранд авч, сэжигтэнг 30 хоног цагдан хорьжээ

ТОДРУУЛГА: Хүчирхийллийн улмаас галд өртсөн эмэгтэйг хоёр хүүхдийнх нь хамт түр хамгаалах байранд авч, сэжигтэнг 30 хоног цагдан хорьжээ

Булган аймгийн Булган суманд энэ сарын 24-25-ны шилжих шөнө С.Б гэгч нь хамтран амьдрагч эмэгтэйгээ хүүхдүүдийнхээ хамт байхад нь галдан шатаахыг завдсан ноцтой хэрэг гарчээ. 

Уг хэргийг үйлдсэн гэх С.Б нь архидан согтуурсан үедээ эл хэргийг үйлдсэн байна. Азаар хохирогчид биеэ хамгаалж, галаас эсэн мэнд гарч чаджээ. Харин амьдарч байсан байшин нь шатаж, хүн амьдрах боломжгүй болсон байна. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болоод буй эмэгтэйг хоёр хүүгийнх нь хамтаар түр хамгаалах байранд авсан талаар Булган аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн төвийн дарга Т.Баярбатаас тодрууллаа.

Тэрбээр "Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон эмэгтэйг хоёр хүүгийнх нь хамтаар Булган аймгийн Хүүхэд, гэр бүл, хөгжлийн төвийн түр хамгаалах байранд гурав хоногийн өмнө авсан.

Хэргийн сэжигтэн

Хохирогчдын сэтгэл санаа тогтворгүй байгаа тул сэтгэл зүйч ажиллаж байгаа. Хохирогчдын түр хамгаалах байранд 90 хоног авах боломжтой байдаг. Яг одоо Булган сумын хамтарсан баг шуурхай хуралдаж байна. Тус хуралдаанаар цаашид авах арга хэмжээг тодорхойлохоор ажиллаж байгаа" гэдгийг онцоллоо. Харин тэрбээр гарсан хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй гэсэн юм. Тиймээс аймгийн цагдаагийн байгууллагаас эл хэргийн талаар тодруулахад "Прокурорын зөвшөөрөлгүй мэдээлэл өгөх боломжгүй. Нэгдсэн мэдээллийг ЦЕГ-аас өгөх журамтай" гэх тайлбарыг өглөө.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус хэрэгт холбогдсон С.Б гэгчийг 30 хоног цагдан хорих шүүхийн шийдвэр гарсан байна. Тодруулбал, Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд С.Б г цагдан хорих эсэх шүүх хурал энэ сарын 27-ны өдөр болж, улмаар түүнийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.