ААНОАТ, ХХОАТ зэрэг татварууд Нийслэлийн төсөвт төвлөрдөг болж, Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хаан” боллоо

ААНОАТ, ХХОАТ зэрэг татварууд Нийслэлийн төсөвт төвлөрдөг болж, Д.Сумъяабазар “Улаанбаатар хотын хаан” боллоо

Хотын дарга Д.Сумъяабазарын өргөн барьсан Нийслэлийн 2022 оны төсвийг өчигдөр /2021.12.03/ НИТХ-аар баталлаа. Ирэх 2022 оноос эхлэн хотын дарга Д.Сумъяабазар “хаан” болно.

Учир нь, “Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль” шинэчлэгдсэн тул ирэх онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын орлогын 40 хувь нь нийслэлийн төсөвт төвлөрнө. Мөн цалин хөлс, түүнтэй адилтгах ХХОАТ, Үл хөдлөх хөрөнгийн албан татвар, Газрын төлбөрийн орлого 100 хувь сум, дүүргийн төсөвт төвлөрөх юм.

-ИРГЭДИЙГ ТОРГОЖ ОЛОХ “ХҮҮ ТОРГУУЛИЙН ОРЛОГООР 83 ТЭРБУМ ТӨГРӨГ ОЛОХ” ТӨСВИЙГ Д.СУМЪЯАБАЗАР ОРУУЛЖЭЭ-

Ийнхүү нийслэл дүүргийн төсвийн орлогын бүтцэд томоохон өөрчлөлт орж байгаа нь нийслэлийн төсвийн орлогын хэмжээ дээрх байдлаар өсөх нөхцөлийг бүрдүүлсэн аж. Тухайлбал, нийслэлийн 2022 оны төсвийн жилд зарцуулах зарлагын нийт хэмжээг 1,3 их наяд төгрөгөөр батласан байна. Улмаар Нийслэлийн төсвийн нийт орлого 482 тэрбум төгрөг, үүнээс Татварын орлого 263 тэрбум, Аж ахуй нэгжийн орлогын албан татвар 240 тэрбум Татварын бус орлог 218 тэрбум, үүнээс Хүү торгуулийн орлого 83 тэрбум төгрөг олохоор тус тус баталсан байна.

Нийслэлийн 2022 оны төсөв

Товчхондоо, хүү торгуулийн орлого бол иргэдийг торгож нийслэлийн төсөвт мөнгө олно гэсэн үг. Ингэхдээ нийслэлийн харьяа газар, агентлагууд болох “ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн алба 19,6 тэрбум, Нийслэлийн Цагдаагийн Удирдах газар 6 тэрбум, Замын хөдөлгөөний удирдлагын төв 7 тэрбум, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 3 тэрбум төгрөг олж Нийслэлийн “төсөвт төвлөрүүлэх орлого” гэж хэмээжээ.

-ХОТЫН ДАРГА Д.СУМЪЯАБАЗАР “ӨӨРИЙНХӨӨ УЛС ТӨРИЙН ТОЙРОГ СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ” ХАМГИЙН БАГА ТӨСВИЙГ ХОТОД БҮРДҮҮЛНЭ-

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг бол хотын дарга Д.Сумъяабазарын улс төрийн тойрог гэдэг. Гэтэл Нийслэлийн 2022 оны төсвийн төсөлд Сонгинохайрхан дүүрэг нь Нийслэлийн төсөвт хамгийн бага буюу 9 тэрбум төгрөгийг төвлөрүүлнэ гэжээ. Харин Сүхбаатар дүүрэг хамгийн их буюу 244 тэрбум, Баянгол дүүрэг 121 тэрбум, Хан-Уул дүүрэг 156 тэрбум, Чингэлтэй дүүрэг 101 тэрбум төгрөгийг тус тус төвлөрүүлнэ гэж тусгажээ. Мөн Сонгинохайрхан дүүргийн жишиг гудамжид 1,5 тэрбум төгрөг суулгажээ. Мөн Нийслэлийн 2022 оны төсвөөр үр дүн муутай байж болзошгүй дараах ажлуудыг гүйцэтгэнэ гэжээ.

Үүнд:

  • Иргэд, аж ахуй нэгж, байгууллагад үзүүлэх үйлчилгээг цахимжуулж. “Төрийн үйлчилгээний операторын болон нэгдсэн портал” e-mongolia.com системд холбох ажилд 300 сая төгрөг.
  • Call center дуудлагын төвийг өргөжүүлж, дахин загварчлан сайжруулах ажилд 220 сая төгрөг
  • Нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийн зал зээлийн үнэлгээ хийж, хотын зээлжих зэрэглэлийг тогтоох ажилд 5 тэрбум төгрөг
  • Нийслэлийн хот байгуулалтын дундын мэдээллийн сангийн баяжуулалт 150 сая төгрөг
  • Улаанбаатар хотын 2040 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулахад 338 сая төгрөг
  • Улаанбаатар хотын хот нийтийн аж ахуйн, инженерийн дэд бүтцийн ашиглалт, үйлчилгээ нэгдсэн хяналт, удирдлагын цогц систем, “UB ENGINEERING”-ийн хөгжүүлэлт 1 тэрбум төгрөг
  • Сүхбаатарын талбайн урд байрлах Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, ногоон байгууламжийн ажилд 429 сая төгрөг