ХАВТАСТ ХЭРЭГ: Шинэ цэргүүд "гар утас" гаднаас оруулж ирж байгаад баригдсан тул дэглэсэн гэж мэдүүлжээ

ХАВТАСТ ХЭРЭГ: Шинэ цэргүүд "гар утас" гаднаас оруулж ирж байгаад баригдсан тул дэглэсэн гэж мэдүүлжээ

Энэ оны эхээр цахим хуудаснаа шинэхэн цэргүүдийг хал цэргүүд нь дэглэж, хүчээр дуулуулж, орон доогуур оруулж, дасгал хийлгэж буй ёс бус бичлэг цацагдаж, олны дургүйцлийг ихээхэн хүргэсэн. Тэгвэл тус хэргийн шүүх хурал удалгүй болж, тухайн үед тус үйлдлийг хийсэн хал цэргүүдэд хорих ял оноосон билээ. Иймд бид "орчинд цагт цэргийн алба хаагчдыг дэглэх нь Эрүүгийн гэмт хэрэг болохыг зарим иргэдэд таниулж, сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ. 

Тус хэрэг нь өнгөрсөн оны аравдугаар сарын 09-ны өдрийн 13 цагийн орчимд Баянзүрх дүүрэгт харьяалагдах Зэвсэгт хүчний 032 дугаар ангид болсон бөгөөд хал цэргүүд шинэхэн цэргүүдтэй харьцахдаа "дүрмийн бус харьцаа үүсгэж, хүч хэрэглэсэн гэмт хэрэг"-т холбогджээ. Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэх гэмт хэргийн шинжийг хангаж, шинэ цэргүүддээ зүй зохисгүй хандаж, дэглэсэн хэмээн О, М, Э нарт ял оноосон байна.

-ШИНЭ ЦЭРГҮҮД ГАР УТАС ГАДНААС ОРУУЛЖ ИРЖ БАЙГААД БАРИГДСАН ТУЛ ДЭГЛЭСЭН-

Эх сурвалжийн мэдээллээр, тухайн үед хал цэргүүд байсан цэргүүд шүүх хурлын үеэр өгсөн мэдүүлэгтээ, “Би тухайн хэрэг гарах үед гар утас гаргаж ирээд бичлэг хийсэн. Цэргийн дүрмээр гар утас байх хориотой харин шинэ цэргүүд болох Ш, Х нар гаднаас гар утас оруулж ирж байгаад баригдсан юм. Тиймээс жаахан дасгал хийлгэж, дэглэсэн” гэсэн утга бүхий зүйл мэдүүлжээ.  Харин тус бичлэг дээр гарсан зүйлд иргэн Ш-ийг цонх болон орны завсар буланд зогсоож байгаад дасгал хийлгүүлж, дуу дуулуулж байв. Мөн өөр шинэ цэргийг орон доогуур хийж, сунгалтын дасгал хийлгүүлсэн аж. Харин хохирогч гурван залуу өөрсдийн мэдүүлэгтээ бүгд “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” болохоо илэрхийлж байсан бол зарим нь энэ тухайгаа бичгээр ч хүргүүлсэн байжээ.

-ХАЛ ЦЭРГҮҮДЭД ЗУРГААН САРЫН ХОРИХ ЯЛ ОНООВ-

Ингээд цэрэг дэглэсэн гэх гурван цэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийг харгалзан 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулахаар шийдвэрлэсэн байна. Ингэхдээ “Дарга, захирагч нь захирагдагчдаа хүч хэрэглэх” гэмт хэрэг болон “Бие биедээ захирагдахгүй цэргийн албан хаагчид харилцахдаа дүрмийн заалт зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон юм. Иймд цэргийн тухай хуульд баримтлагдах ёстой зүйлийг ягштал баримталж, хэн нэгэнтэйгээ болгоомжтой харьцаагүй төлөө энэ мэт гэмт хэрэг цаашлаад санамсаргүй тохиолдлоор хүний аминд ч хүрч болзошгүй тул эрсдэлээс урьдчилсан сэргийлэх үүднээс тус мэдээллийг нийтлэв.