Манай улсын 60 орчим иргэн самар түүж яваад ОХУ-ын хил давсан талаар манай сайт анх мэдээлсэн. Тэгвэл үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дараах мэдээллийг өглөө.
"Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд байрлах Минжийн заставын хариуцсан, хэсэг хилийн дугаар тэмдгийн чиглэлээр 2021 оны арванхоёрдугаар сарын 07-ны өдөр дотоодоос Монгол Улсын тодорхой тооны иргэд таван автомашинтай улсын хил зөрчиж, ОХУ-ын талд саатуулагдсан.
Эдгээр иргэдийг өнөөдөр буюу 2021 оны аравнхёордугаар сарын 08-ны өдөр хилийн бүрэн эрхт төлөөлөгчийн туслагчийн уулзалтаар хүлээн авахаар ОХУ-ын талтай тохиролцсон. Тухайн хэсэг нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар бөгөөд битүү ой хөвч, уулархаг, бартаа саад ихтэй, тасралтгүй хяналт зохион байгуулахад хүндрэлтэй хэсэг юм. 2021 оны нэг, хоёрдугаар сард Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын нутагт байрлах хилийн зурваст хил орчмын дэглэм зөрчсөн 35 удаагийн 485 хүн. Өнгөрсөн арваннэг, энэ арванхоёрдугаар сард мөн хил орчмын дэглэм зөрчсөн таван удаагийн 68 хүнийг улсын хилээс 1-15 км зайд илрүүлэн саатуулж, холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага тооцсон. Хил орчмын дэглэмийн зөрчил гэдэг нь хилийн зөрчил гаргаж болзошгүй иргэдийг урьдчилан илрүүлэн саатуулах ажиллагаа юм" гэсэн байна.