Ч.Болортуяа: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан, баривчилж саатуулсан зүйл байхгүй

Ч.Болортуяа: Эмч, эмнэлгийн ажилтнуудыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан, баривчилж саатуулсан зүйл байхгүй

Өнгөрсөн долдугаар сард эмч, ажилчдын төлөөлөл үндсэн цалингаа хоёр дахин нэмэхийг Засгийн газраас шаардаж, Төв талбайд тайван суулт зарласан билээ. Гэвч суулт хийсэн Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгчдэд хэрэг үүсгэж, Тагнуулын ерөнхий газраас шалгаж байгаа талаарх мэдээлэл цахим сүлжээнд түгсэн.

Энэ талаар тус холбооны тэргүүлэгчдийн нэг болох Ө.Анхболд бидэнд өгсөн ярилцлагадаа “2021 оны есдүгээр сарын 1-нд Монголын Эрүүл Мэндийн Ажилтны Үйлдвэрчний Эвлэлийн холбоо/МЭМАҮЭХ/-ны тэргүүлэгч нар долоон хүний бүрэлдэхүүнтэй хуралдсан. Тус хурлаар бид долдугаар сарын 1-нд хийсэн хэлэлцээр, эмч нарын цалин хөлсийг улсын дунджид ойртуулж 2 дахин нэмэх шаардлага хэрэгжээгүй асуудлаар дараагийн тэмцэл болох ажил хаялтын талаар хэлэлцсэн юм. Тухайн үед хуралд Холбооны дарга Х.Ариунаагийн хуулийн зөвлөх н.Султанбек гэдэг хүн бидэнд тусалж, зөвлөнө гэж суусан. Гэвч тэр хүн Ерөнхий сайдад бидний хурал дээр ярьсан зүйлсийн талаар гомдол гаргаж, нэр бүхий таван тэргүүлэгчийн нэрийг цохон, МЭМАҮЭХ-ны хуулийн зөвлөх, МАН-ын ахмад гишүүн гэж хаяглаад хүргүүлсэн байсан. Гомдлыг Засгийн газрын хэрэг эрхлэх газар цохож, Хууль зүй, дотоод хэргийн сайдад, ХЗДХ-ийн сайдаас Цагдаагийн Ерөнхий газрын даргад, тэндээсээ Эрүүгийн цагдаа, нийслэлийн прокурор, цаашлаад Тагнуулын Ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байсан. ТЕГ-аас биднийг гэрчээр дуудаж байцаасан” гэсэн юм.

Тэгвэл Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа энэ талаар “Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сүлжээгээр тарж байгаа мэдээлэлтэй холбоотойгоор Тагнуулын Ерөнхий газраас тодруулахад, эмч, эмнэлгийн ажилтан, үйлдвэрчний эвлэлийн тэргүүлэгч нарыг эрүүгийн хэрэгт яллагдагчаар татсан, баривчилж саатуулсан зүйл байхгүй гэв” хэмээн өөрийн твиттер хуудастаа жиргэжээ.




Өнөөдөр морь өдөр

14 цагийн өмнө