Залилах гэмт хэргийн мөрдөгч албаны чиг үүргээ биелүүлсний хариуд иргэнээс 2 сая төгрөгийн хахууль өгөхийг шаарджээ

Залилах гэмт хэргийн мөрдөгч албаны чиг үүргээ биелүүлсний хариуд иргэнээс 2 сая төгрөгийн хахууль өгөхийг шаарджээ

Энэ оны 2,3 дугаар сард ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчөөр буюу нийтийн албан тушаалд томилогдон ажилладаг байсан Г нь мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулж байх үедээ иргэнээс 2 сая төгрөгийн хахууль өгөхийг шаардаж, хууль бус үйлдэл гаргасан тул хохирогч иргэд баримтжуулж шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Хэргийг тодруулбал, мөрдөгч асан Г нь хохирогч Б-ийн холбогдсон Эрүүгийн хэргийн “хэргийн бодит байдлыг тогтоох”, “эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах” албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд өөрийн мөрдөн байцаах албаны тоот албан өрөөнд болон автомашинд нууцаар уулзалдан хахууль өгөхийг шаардсан байна. Эх сурвалжийн мэдээллээр, Хохирогч Б нь анх банкнаас мөнгө залилж авсан гэх асуудлаар Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгагдаж байсан аж.

Харин тус хэргийг нь мөрдөн байцаагч Г “хэргийг татаж өгье, яллагдагчаар татаж болохгүй болгож өгье” гэж анх ярилцаж тохиролцсон байна. Харин дараагаас нь утсаар залгаж “Би энүүгээр ярьж байж хүчингүй болгосон байхгүй юу, би прокуроор гаргуулсан”, “Танд одоо боломжтой байгаа нь хэд байгаа юм? Таныг хүчингүй болгоод өг гэсэн болохоор ингэлээ шүү эгчээ” гэх мэт яриануудыг хохирогчийн талаас баримтжуулж дуу хураагуураар хурааж авсан байна. Харин дараагаас нь ар талдаа номергүй автомашинд дуудаж, уг үйлдлээ үргэлжлүүлж мөнгө нэхсээр байжээ.

Шүүх шинжилгээний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн баримтжуулж ирүүлсэн “дуу авианы бичлэг”-ийг дууны чанар, агуулга 50 хувиас дээш чанарын шаардлага хангасан, орчны шуугиан бага нөлөөлөл, харилцан ярианы үг, хэллэг сонсогдохуйц /тод/ зэрэг дуу авиа адилтгалын  шинжилгээний ерөнхий шаардлагыг хангаж байгаа тул шинжилгээнд тэнцүүлж, хэрэгтний дуу хоолойтой харьцуулж тогтоосон тул хэргийг шийдвэрлэхэд том нөлөө үзүүлсэн гэжээ.

Харин тус албан хаагч шүүх ажиллагааны болоод мөрдөн байцаалтын үеэр өгсөн мэдүүлэгтээ, “гэм буруугаа ухамсарлаж маш сайн ойлгож байгаа бөгөөд өөрийн биеэр ажлаас хүсэлтээрээ чөлөөлөгдөх өргөдлийг гаргаж шийдвэрлүүлэхээр өгсөн байгаа” гэх утга бүхий зүйл мэдүүлсэн байна.

Харин шүүхээс түүний нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэжээ.

Энэ мэт үйлдлээс харвал цагдаагийн зарим албан хаагч өөрийн ажил үүргээ урвуугаар ашиглаж, иргэдийг сүрдүүлж, хохироох үйлдэл хийж байж болзошгүй байна. Иймээс хууль бус ажиллагааны хохирогч болж үлдэхгүй нь тулд иргэд дор бүр баримтжуулж, мэдэгдэж байхыг анхааруулах үүднээс тус мэдээллийг нийтлэв.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө