ТОДРУУЛГА: Мориноос унах үеэрээ автомашинд дайруулж амиа алдсан хүү “хурдан морины ажил” хийж байжээ

ТОДРУУЛГА: Мориноос унах үеэрээ автомашинд дайруулж амиа алдсан хүү “хурдан морины ажил” хийж байжээ

Өнгөрөгч бямба гараг /2021.12.11 /-ийн 13:00 цагийн орчимд Нийслэлийн Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 13 настай, эрэгтэй хүүхэд мориноос унаж, энэ үеэрээ автомашинд дайруулсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн. Тэгвэл тус хэрэг чухам ямар шалтгаан нөхцөлөөс болж гарсан талаар тодруулж, иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс тус мэдээллийг нийтэлж байна.

Тус хэрэг, Багануур дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон байна. Хэрэг гарсан газарт айлууд суурьшаад байдаггүй эзгүй хээр газар аж. Иймд иргэд автомашинтайгаа салхилах, мөн ачааны том оврын автомашинууд газар шорооны ажил хийж, ихээр зорчдог газар аж.

Хэрэг гарсан өдөр цөөн тооны хурдан морьдыг нийлүүлэн үсэргэж, “морины ажил” хийж байжээ.

Гэхдээ албан ёсны уралдаан биш гэдгийг эх сурвалжууд онцолж байв. Харин хэрэг явдал гарах үеэр талийгаач хүү морь үсэргэж байсан бөгөөд, түүний хажуугаар нь том оврын автомашин зөрөх үед  хүүгийн унаж явсан морь нь үргэж, улмаар хүү газарт унаж, автомашины ар талын дугуйнд дайруулан газар дээрээ амиа алджээ. Одоогоор хэдэн тооны морьд, хэн гэх этгээдүүд санаачлан тус морины үсэргээг хийсэн гэдгийг шалгаж байгаа бөгөөд хүүгийн ар гэрийн зүгээс гомдолтой хэмээн мэдүүлсэн байгаа аж. Бид тус хэргийн талаар эргэн мэдээлэх болно.