АЛБА ХААГЧИЙН АР ГЭР: Биднийг гүтгэж, доромжилж байгаад үнэхээр харамсаж байна

АЛБА ХААГЧИЙН АР ГЭР: Биднийг гүтгэж, доромжилж байгаад үнэхээр харамсаж байна

Энэ сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Онцгой байдлын албаны Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч М “Гал алдвал амиа алдана” гэх сэрэмжлүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж амь насаа алдсан хэрэг гарсан.

Тэгвэл тус хэрэг дээр алба хаагчийн ар гэр өнөөдөр хэвлэлийн хурал хийлээ. Энэ асуудлаар талийгаачийн төрсөн ах н.Мөнх-Эрдэнэ, "Сошиалаар дүүгийн минь талаар шуугиж байна. Эхнэр гээд яваад байгаа Ж.Одгэрэл гэх эмэгтэйтэй бид нар арванхоёрдугаар сарын 03-ны өдөр анх уулзсан. Миний аав ээж жирийн малчин хүмүүс, нутаг усандаа нэр хүндтэй. Энэ эмэгтэй яагаад ингэж яваад байгааг би үнэхээр мэдэхгүй байна. Сошиалаар элдэв мэдээлэл цацаж, дайрч эхэлсэн. Шүүх шинжилгээнээс гараад би энэ бүсгүйтэй холбогдоод гэртээ аваачсан гэтэл биднийг гүтгэж доромжилж байгаад үнэхээр хэлэх үг алга" гэсэн юм.

Мөн талийгаачийн дүү, "Цахим сүлжээнд тэр эмэгтэй биднийг өөрийг нь зодсон цохисон гэсэн байсан. Тийм юм ерөөсөө болоогүй. Тэр өөрөө гэрт орж ирээд буянд нь өгсөн мөнгөө буцааж авъя гэсэн. Одон медалийг нь аав ээжээс булааж авсан. Ийм л юм болсон" гэсэн бол Талийгаачийн нагац ах мэдэгдэлдээ, "Бид дүүтэй маань үерхэж байсан хүний хувьд нээлттэй хандсан ч байж боломгүй гүтгэлэг хийж байна. Манай гэр бүлийнхэн өмгөөлөгч аваад бүх зүйлийг хуулийн дагуу явж байгаа. Аргагүй эрхэнд бид гарч ирч мэдэгдэл хийж байна. Биднийг гүтгэж доромжилж байгаад үнэхээр харамсаж байна. Үүнийг бид хуулийн дагуу хариуцлага тооцно" гэсэн юм.