Ж.Одгэрэл: “Хэрэггүй хогоо ав” гэж нөхрийн маань медалийг шидсэн хүмүүс намайг танихгүй гэж хэлэхэд үнэхээр цочирдсон

Ж.Одгэрэл: “Хэрэггүй хогоо ав” гэж нөхрийн маань медалийг шидсэн хүмүүс намайг танихгүй гэж хэлэхэд үнэхээр цочирдсон

Энэ сарын 3-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт Гал түймэр унтраах 63 дугаар ангийн алба хаагч сэрэмжлүүлэх самбар буулгах гэж байгаад өндөр хүчдэлд цохиулж нас барсан хэрэг гарсан. Тус албан хаагчийг дарга нь албан бус ажилд явуулснаас уг харамсалтай хэрэг гарсан байж болзошгүй байгаа юм.

Энэ талаар талийгаачийн эхнэр Ж.Одгэрэл мэдээлэл хийхдээ “Нөхрийг маань албан бус ажилд дарга нар нь явуулснаас амиа алдсан. Ар гэрийнхэн нь энэ талаар мэдсэн ч намайг хэвлэлд мэдээлэл битгий өгөөрэй гэж хэлсэн” гэсэн юм. Харин өчигдөр /2021.12.15/ талийгаачийн төрсөн дүү, гэр бүлийнхэн нь мөн мэдээлэл хийж “Ж.Одгэрэл гэх хүнийг танихгүй. Биднийг гүтгэж байна” хэмээн түүний ярьсан зүйлсийг үгүйсгэсэн. Иймээс бид Ж.Одгэрэлтэй холбогдож зарим зүйлийг тодрууллаа.

-Сайн байна уу. Өчигдөр талийгаачийн ар гэрийнхэн нь мэдээлэл хийхдээ “Таныг танихгүй. Өөрсдийг нь гүтгэж байна” гэж хэлсэн нь ямар учиртай юм бэ. Та үүн дээр өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?

-Тийм ээ. Өчигдөр мэдээлэл хийхдээ намайг танихгүй гэж хэлсэн байсан. Тиймээс би өөрийн фейсбүүктээ нөхөртэйгээ хамт гэрийнх нь гадаа авахуулсан зургаа нийтэлсэн. Гэрээ бас танихгүй юм биш биздээ гэж нийтэлсэн юм. Сэтгэл санаа хүнд байсан учраас нөхөртэйгөө хамт авахуулсан зургаа сошиалд нийтлээгүй байсан. Харин илт худал зүйл ярьсан учраас өөр арга байсангүй. Нөхрийг маань өнгөрсөн өдөр л нүүрээ буруулж эхэлсэн. Намайг муулж, дайрахыг мэдэж байсан ч арай ч танихгүй гэж хэлнэ гэж бодсонгүй. Үнэхээр гайхаж, цочирдсон. 

-Та Баянзүрх дүүргийн цагдаагийн гадна суулт хийхдээ нөхрийнхөө одон, медалиудыг тавьчихсан байсан. Гэтэл өчигдөр ар гэрийнхэн нь мэдээлэл хийхдээ таныг “талийгаачийн одон медалийг нь булааж аваад явсан” гэх утгатай зүйл ярьсан шүү дээ?

-Нөхрийн маань одон медаль бүх зүйл нь манайд байгаа. Нөхөр маань хамгийн сүүлд ерөнхийлөгчийг хүлээж авсан ёслолд зүүж яваад ирэхдээ өөрөө шүүгээнд хийчихсэн байсан. Тухайн үед надад “хайр аа, медалиудаа энд хийчихсэн шүү” гэж хэлж байсан. Гэтэл ажлаас нь тэр өдөр “оршуулгад нь гаргах гэсэн юм. Медалиудыг нь гаргаад өгөөч. Бид гаргасан өдрөө буцаагаад өгнө” гэсэн. Тэр өдрөө буцааж өгөөгүй. Асуутал ар гэрийнхэн нь аваад явчихсан, очоод авчих гэсэн. Аав руу нь ярьтал “ирээд ав, ав” гэж хэлсэн. Гэтэл очтол өөдөөс медалиудыг нь шидээд “наад хэрэггүй төмрийн хогоо аваад зайл” гэсэн. Ийм л зүйл болсон доо.

-Өчигдөр Онцгой байдлын албанаас мэдээлэл хийж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоо мэдэгдсэн. Хэрэв та энэ талаар дэлгээгүй бол магадгүй хэрэг дарагдаад, чимээгүй өнгөрөх байсан ч байж мэднэ?

-Шадар сайдын албанаас би холбогдох албан тушаалтнууд, 63-р ангийн захирагч нарт хариуцлага тооцох, уучлалт гуйхыг хүссэн. Тухайн үед надад “тэтгэмж авах уу” гэсэн. Би тийм зүйл хүсээгүй. “Надад мөнгө хэрэггүй, харин уучлалт гуйхыг л хүсэж байна” гэхэд “За ойлголоо. Нөхрийнхөө нэр төрийг сэргээхийг, шударга ёсыг л хүсэж байгаа юм байна” гэсэн.

Хүнд хэрэг хийсэн, хүний амь нас эрсэдсэн тохиолдолд төрийн алба хаагч захиргааны арга хэмжээгээр халагддаг юм байна лээ. Албанаасаа ялгүй хөөгдөж байгаа гэж ойлгож болно. Цагдан шүүхээр орвол албан бус ажилд явуулсан гэж торгох ч юм уу, аль эсвэл төрийн албанд ажиллах эрхгүй болох гэх мэтээр шийтгээд өнгөрөх байх. Харин жолоочийг нь түдгэлзүүлсэн байсан. Ял авах гэж байгаа хүнийг түдгэлзүүлнэ гэж ярьдаг юм байна лээ.

-Та цаашдаа яая гэж бодож байна. Энэ хэргийг дуустал нь явах уу?

-Мэдээж тэгнэ. Би хүмүүсийн хажууд уйлахгүй, орилохгүй шүү гэж өөрийгөө их барьсан. Уйлж унжиж таван үгээ хэлбэл хүмүүс ч ойлгохгүй өнгөрчих вий гэж эмээхдээ их тэвчсэн. Үнэнийг хэлэхэд худал мэдээллээс болж хүмүүс намайг янз бүрээр хэлж байгааг хараад үнэхээр хямарч байна. Амьдармааргүй санагдтал хүнд цохилтод орсон. Гэхдээ бууж өгөхгүй. Нас барсан хүнийг газар дээрээс нь хөдөлгөж болдоггүй шүү дээ. Түргэн, цагдаа дуудах ёстой байтал нөхрийн маань цогцсыг шууд 63-р анги руу аваад явчихсан байсан. Үүнийгээ “Зүрх нь зогсчихсон байсан учраас яахаа мэдэхгүй аваад явчихсан гэж тайлбарласан. Хэрэг прокурор дээр ирэхээр бүтэн материалтай танилцах боломжтой болно. Прокурор дээр ойролцоогоор нэг сарын дараа очих юм байна лээ. Тэр үед үнэн, мөнийг дэлгэх болно.