Э.Бат-Үүл: н.Амарбаясгалант тэргүүтэй МАН-ын бүлэг санаачлан захиалж надад хэрэг үүсгүүлсэн юм

Э.Бат-Үүл: н.Амарбаясгалант тэргүүтэй МАН-ын бүлэг санаачлан захиалж надад хэрэг үүсгүүлсэн юм

Өчигдөр /2021.12.16/ Улаанбаатар хотын дарга асан Э.Бат-Үүлийг нийслэлийн удирдлагуудаас гаргасан гомдлын дагуу шүүж, түүнд 4 жилийн хорих ял оноосон. Учир нь түүнийг гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийхдээ улсад хохирол учруулсан гэж буй юм.

Тэгвэл тэрээр 2020 оны арваннэгдүгээр сард “Өдрийн сонин”-нд дараах ярилцлагийг өгч байжээ. Учир нь тухайн үед Улаанбаатар хотын Захирагч асан Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын 11 хүнд холбогдох Эрүүгийн хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болохоор товлогдсон байсан ч 2020 арваннэгдүгээр сарын 20-ны 10:00 цаг хүртэл дахин хойшлогдоод байжээ.

Э.БАТ-ҮҮЛ:

-Таныг Улаанбаатар хотын даргаар ажиллаж байхад Гэр хорооллын дахин төлөвлөлт хэмээх томоохон бүтээн байгуулалт, өөрчлөлт шинэчлэлтийн ажлын эхлэл тавигдсан. Та тухайн үеийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил одоогийн дахин төлөвлөлтийн ажлыг хэрхэн дүгнэж байна?

-Үнэхээр,гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллгааг би маш өргөн цар хүрээтэй эхлүүлсэн.Урьд хожид гэр хороолол руу ийм их хэмжээний бүтээн байгуулалт,хөрөнгө оруулалт чиглэж байгаагүй.Гэр хорооллын нутаг дэвсгэрийн 26 байршилд,18 компани,нийтдээ 20000 гаруй айлын орон сууцны хороолол барих төлөвлөгөөт ажлыг эхлүүлсэн юм.Барилгын ажил эхэлснээс хойш эхний нэг жилийн дотор 1800 гаруй айлын орон сууц ашиглалтад орсон. 2016 оны эцэс 2017 оны эх гэхэд нийтдээ 3500 гаруй айлын орон сууц ашиглалтад орох байсан.Гэтэл 2016 оны сонгуулиар гарч ирсэн МАН, дахин төлөвлөлтийн үйл ажиллагааг зогсоон,газраа чөлөөлөөд орон сууцанд орохоо хүлээж байсан 600 гаруй айл өрхийг газар ч үгүй, орон сууц ч үгүй болгосон.Миний эсрэг улстөржиж,иргэдийг муухай хохироосон нь тэр.

МАН,гэр хорооллын дахин төлөвлөлтөд хорсож,хорлоод байдгийн цаад шалтгаан нь хашааны газрыг аль эртнээс иргэдээс нь ямар нэгэн аргаар салгаж аваад өөрсдийн бизнесийн барилгажих талбай болгох санаатай байдагт оршиж байгаа юм. Зайсан,Яармагийн эко бүсийг барилгажих талбай болгон авсан шигээ! Зайсангийн гэр хорооллын айлуудын газрыг яаж булааж авсныг хүмүүс санах байлгүй дээ!

-Олон иргэнд хашаагаа байраар сольж тав тухтай амьдрах боломж олгосон, утааны эх үүсвэр яндангийн тоог цөөлснийхөө төлөө өнөөдөр шүүхийн байгууллагын хаалга татсан гэж харж байгаа. Таныг яг ямар шалтгаанаар буруутгасан юм бэ?

-Үнэн.Гэр хорооллын дахин төлөвлөлтийг гутаахын тулд Амарбаясгалант тэргүүтэй НИТХ дахь МАН-ын бүлэг санаачлан захиалж надад хэрэг үүсгүүлсэн юм.МАН -ын бүлэг намайг албан тушаалаа ашиглан хууль бус үйл ажиллагаа явуулсан гэж анх гүтгэхэд,шүүх тухайн үедээ үндэслэлгүй гүтгэлэг гэж тогтоож байсан юм.

Гэтэл 2016 онд ялж эрх баримагцаа АТГ-аар энэ хэргийг дахин үүсгүүлсэн юм.Ер нь би гэр хорооллынхны маань газрыг олигархууд мэхэлж,хуурч авахаас нь хамгаалан,трактортай жагсаал зохион байгуулах зэргээр 18 жил тэмцэж байна.Үүнд МАН өсөрхдөг.

-Таныг Нийслэлийн Засаг даргаараар ажиллаж байхдаа албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглаж, хүүдээ давуу эрх олгосон гэдэг байдлаар шалгаж байгаа гэж ойлголоо. Танд хүүгийнхээ компанид давуу байдал олгох эрх мэдэл хуулийн хүрээнд байсан юм уу?

-Албан тушаал, эрх мэдлээ ашиглан хүүдээ давуу эрх олгох ямар ч боломж надад байхгүй. Төсөл хэрэгжүүлэгч компаниа гэр хорооллын иргэд өөрсдөө санал хураалтаар шийддэг. Би Амгалангийн иргэдтэй уулзаж хүүгийн маань компанийг шалгаруулсныг цуцалж өгөхийг гуйгаад бараагүй. Төслийн удирдах хороо Монгол Улсын иргэн хэн ч байлаа төсөлд оролцож нэрээ дэвшүүлэх эрхтэй гээд халгаагаагүй. Гэтэл өнөөдөр намайг албан тушаалаа ашигласан гэхээр барахгүй,нэг ч байцаалт аваагүй байж хүүтэйгээ нийлж мөнгө угаасан гэж буруутган яллаж байгаа. АТГ, прокурорын зүгээс,хэрэг шүүхэд шилжихээс өмнө санаатайгаар гуйвуулсан мэдээлэл тарааж намайг “ардын дайсан” болгох ажил хийсэн. Би Монгол Улсын иргэний хувиар шударга шүүхээр шүүлгэх Үндсэн хуулиар баталгаажсан эрхтэй.Энэ эрхийг маань шүүх хангаж өгнө гэж найдаж байна.

-Удаа дараа шүүх хуралдаан хойшлоод байна. Дараагийн шүүх хурал арваннэгдүгээр сарын 20-нд товлогдлоо. Дахин аль нэг тал нь ямар нэгэн шалтгаанаар хойшлуулбал санаатайгаар шүүн таслах үйл ажиллагаанд саад учруулсан гэж үзнэ гэдгээ шүүгч хэлж байсан. Яагаад хойшлоод байдаг юм бэ?

-Уржигдар шүүх хурал эхлэх гэтэл нэг шүүгдэгчийн ар гэрт гачигдал гараад ирж чадаагүйгээс болоод хойшлоход хүрсэн. Би хэдийгээр нуруу хугаралтай боловч сүүлийн хоёр ч удаагийн зарлагдсан шүүх хуралд биеэрээ очсон. Үнэндээ, шүүхээр шударга үнэнийг хурдан тогтоолгомоор байна. Дахин шүүх хурал хойшлохгүй гэж найдаж байгаа. Шүүх хурал нээлттэй болно. Сонирхсон хэн ч очиж шүүх хурлыг ажиглаж болно.Миний тухай буруу ташаа ойлголттой хүмүүсийг би өргөнөөр очиж үзээсэй гэж энэ дашрамд хүсье!

-Ер нь энэ хэргийг улс төрийн зорилготой гэж хардаж байгаа юм байна. Таныг харлуулж, яллах гэсэн зорилго МАН-ынханд байгаа юм байна тийм үү?

-Энэ хэргийг МАН улс төрийн зорилгоор эхлүүлсэн. Би, дээр ямар зорилготойг хэлсэн. Одоо түүнийг, нэг хэсэг нөхөд шүүрээд сэвээд явж байгаа. Шүүх хурлын дараа хэн шүүрч, сэвж явсныг баримтаар дэлгэх боломж олдоно. Мөрдөн байцаах үйл явц алхам тутамдаа улайм цайм хууль зөрчиж явсан. Мөрдөн байцаах ажиллагаа хэзээ хууль зөрчиж явагддаг вэ гэхээр улс төрийн захиалгатай үед л ингэдэг. Гэхдээ намайг шоронгоор айлгах гэж байгаа бол бүтэхгүй. 30-тай байхдаа цаазлах ялаас айгаагүй ардчиллын төлөө тэмцэж байсан намайг 60 хүрчихээд айна гэж яаж бодоод байгааг би ойлгохгүй юм. Алахгүй л юм бол ардчиллын төлөө тэмцсээр дуусна. Монголчуудыг дахин эрх чөлөөгүй болж колоничлогдохыг харснаас үхсэн минь дээр ээ!

-Та нийгэм, улс төрд өрнөж байгаа үйл явдалд дуу хоолойгоо хүчтэй илэрийлж зарим тохиолдолд төрийн гурван өндөрлөгийг ч зоригтойгоор шүүмжилдэг шүү дээ. Харин сүүлийн үед жаахан чимээгүй байгаад байх шиг?

-Ер нь над шиг тэмцэж яваа хүн хаана байна.Бидний үеийхэн үнэт зүйлээ умартчихсан, залуус маань айдсаа ухаантай царайгаар нуучихсан байж байгааг хар л даа.Нуруу хугарчихаад баабар.мн-ээр тэмцлээ үргэлжлүүлж байна. Нуруу эдгэрэхээр Сүхбаатарын талбай дээр гарч тэмцэнэ гэж бодож байгаа. Төрийн зүгээс ардчиллын үнэт зүйлүүдийг нухчин дарж байна шүү дээ!

-Та УИХ болон орон нутгийн сонгуулийн үр дүнг юу гэж харж байгаа вэ?

-Энэ хоёр сонгуулийн дүн Ардчилсан нам институтын хувьд нурах аюулд орчихоод байгааг харуулж байна. Үнэт зүйлээ огоорсон нам хэнд ч хэрэггүй болдог юм. Хувийн өмчийн эрх, чөлөөтэй үгээ хэлэх эрх, жагсаж цуглах,сонгох сонгогдох эрх зэрэг иргэдийнхээ эрхийг хамгаалахгүй юм бол манай нам хэнд хэрэгтэй хэрэг вэ.

-Харин тийм л дээ. Таны 30 жил зүтгэсэн Ардчилсан нам өнөөдөр орох оронгүй, оочих аяга ч үгүй байна. УИХ-ын сонгуульд ялагдал хүлээсний дараа Орон нутгийн сонгуульд нэрээ дэвшүүлсэн залуус намынхаа лого-г томоор тавихаас ч ичсэн харагдаж байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Намаасаа ичиж байгаа тэр залуус аймхай,үзэл бодолгүй болоод тэгсэн хэрэг.Колоничлолоос монголчуудыг маань чөлөөлсөн Ардчилсан намыг,өвөг дээдэс маань тэнгэрээс хараад баярлаж байхад тэр муу чацгаа арчиж чадахгүй бацаанууд манай намаас ичээд байхдаа яадаг юм. Тэгж байхаар манай намаас зайлах хэрэгтэй.Манай намын логог тавихаас ичиж байгаа тэр залуус,яг үнэндээ МАН ялчихвал яана гэж айсандаа, хаяагаа манасандаа заваарч байгаа юм.

Эрх чөлөөтэй оронд өссөн одооны залуучуудын аймхай, муу санаатайг хараад би маш их гайхширдаг.Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлж, коммунистуудын харгис дарангуйллаас монголчуудыгаа чөлөөлсөн Ардчилсан Намд бид үеийн үед өртэй. Үгүйдээ л Монголын эдийн засаг ийм их эд агуурстай байж түүхэндээ ч үзээгүй нь маргахын аргагүй үнээн.

-Өнөөдрийг хүртэл Ардчилсан нам даргаа томилоогүй байгаа. Хэнийг томилох дээр маргаантай байна уу. Та энэ тал дээр хэр анхаарч байна?

-Дээгүүр манай намыг ядарсан дээр нь “хувьчилж авах” гэсэн бөөн хор найраа яваад байгаа сурагтай.Намаа ч хэн нэгэнд хувьчлуулахгүй.Хувьчлагдах юм бол манай нам шууд устана. Өнөөдөр улс төрийн зах зээл дээр хэн нэгэнд хувьчлагдсан бүх намууд дампуураад байгаа шүү дээ.Хүмүүс хэн нэгний хувийн намд яалаа гэж зүтгэх билээ. МАН-ын хүч чадал, хэнд ч хувьчлагдахгүй байсаар байна. Харин одоо Ерөнхий сайд нь хувьчилж авч магадгүй. Тэгээсэй. Тэгвэл МАН сүйрч, буян болно!

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН