ВИДЕО: “Сүнжин Гранд” зочид буудлаар үйлчлүүлсэн залуус тус газарт ажилладаг Солонгос иргэнийг зодсон нь БНСУ-ын хэвлэлд гарчээ

ВИДЕО: “Сүнжин Гранд” зочид буудлаар үйлчлүүлсэн залуус тус газарт ажилладаг Солонгос иргэнийг зодсон нь БНСУ-ын хэвлэлд гарчээ

БНСУ-ын MBC тэргүүтэй зарим хэвлэлээр Монгол залуус Улаанбаатарт амьдардаг солонгос иргэнийг бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан талаарх мэдээлэл цацагдаад буй. Учир нь энэхүү хэрэг явдлыг БНСУ-ын хэвлэлүүд, "тус улсад хүчирхийлэлд өртсөн 13 настай охины өшөө авалт байж болзошгүй" хэмээн тайлбарлаж буй юм.

Тодруулбал, энэ сарын 6-ны өдөр Улаанбаатар хотын захад байрлах зочид буудалд ажилладаг солонгос иргэнийг таван монгол залуу бүлэглэн зодож, биед нь гэмтэл учруулсан байна. Хохирогч нүд, чихэндээ бэртэл авсан бөгөөд хамар нь хугарч хагалгаанд орсон аж. Иймд бид хохирогчийн биеийн байдал ямар байгаа, тухайн үед юу болсон талаар сурвалжилахаар хэрэг болсон газарт очлоо.

-ХЭРЭГ ҮЙЛДСЭН МОНГОЛ ЗАЛУУС “СҮНЖИН” ГРАНД ЗОЧИД БУУДЛЫН САУНААР ҮЙЛЧЛҮҮЛЭЭД ГАРСАН ГЭВ-

БНСУ-ын хэвлэлүүдээр болсон үйл явдлын талаарх камерын бичлэг цацагдсан. Мөн хэрэг болсон газрыг Улаанбаатар хотын захад байрлах, солонгос эзэнтэй зочид буудал гэж тодотгосон ююм. Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг болсон газар нь Баянзүрх дүүрэгт байрлах “Сүнжин Гранд” зочид буудал аж. Биднийг “Сүнжин гранд” зочид буудлын авто зогсоолын зүүн талаар ормогц камерын бичлэгт бичигдсэн ногоон хашлага харагдаж байлаа. Хэрэг гарсан өдөр тус хашлагын өмнө хохирогч болох БНСУ-ын иргэн А-ийн автомашин байжээ.

Хэрэг болсон газар

А нь “Сүнжин Гранд” зочид буудалд инженерээр ажилладаг бөгөөд тухайн үед ажилчдын агуулахаасаа кофе аваад автомашин руугаа явж байсан аж. Энэ үед үл мэдэх залуус ирэн түүнээс  “чи солонгос хүн үү” гэж асуужээ. А “тийм” гэж хариулахад түүнийг автомашины арын суудал руу түлхэн унагааж зодсон байна.

Энэ үед тус зочид буудалд ажилладаг өөр гурван солонгос иргэн гарч ирсэн бөгөөд мөн зодуулж, бэртэл авчээ.

Удалгүй хэргийн газарт цагдаагийн алба хаагчид ирж, хэрэг үйлдсэн залуусыг саатуулсан байна. Хэргийн газар байсан гэрчийн мэдээлж буйгаар, "Залуус тус өдөр “Сүнжин Гранд” зочид буудлын саунаар үйлчлүүлсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ".

Хэрэг болсон газрын хяналтын камер

-ХОХИРОГЧИД “СҮНЖИН ГРАНД” ЗОЧИД БУУДЛААС ӨМГӨӨЛӨГЧ АВЧ ӨГЧЭЭ-

Тус хэргийн улмаас хохирогч А-ийн хамар нь хугарч тухайн өдөр хагалгаанд орсон байна. Одоо биеийн байдал нь дээрдсэн бөгөөд эмнэлгээс гарчээ. Мөн “Сүнжин Гранд” зочид буудлаас түүнд өмгөөлөгч авч өгсөн аж.

Гэвч уг хэргийг БНСУ-ын хэвлэлүүд 13 настай монгол охины хэрэгтэй холбон тайлбарлаж байна. Тодруулбал, өнгөрсөн долдугаар сард БНСУ-д эцэг, эхийн хамтаар амьдардаг монгол охиныг дээд ангийнх нь гурван сурагч гэртээ хорин хүчээр архи уулгаж, 6 цагийн турш хүчирхийлсэн хэрэг гарсан. МВС телевизийн мэдээлж буйгаар “энэ хэргийн улмаас Монголчуудын дунд солонгос хүний үнэлэмж буурсан. Улмаар хариугаа авах гэж уг хэргийг үйлдсэн байж болзошгүй” гэжээ.

Мөн хохирогч МВС телевизэд ярилцлага өгөхдөө “Надаас чи солонгос хүн үү гэж асуусан. Би ч тийм гэхэд шууд зодож эхэлсэн. Би яагаад ингэж байгааг нь тухайн үед ойлгоогүй. Гэхдээ Янсан хотын дунд сургуульд болсон монгол охины хүчирхийллийн хэрэгтэй холбоотой болов уу гэж таамаглаж байна” гэсэн байна.