ТОДРУУЛГА: Хоёр хүүхдийг “аврах дэрэн” дээр авсан бол, нэг хүүхдийг аюулгүй буулгасан

2021-12-18 23:21

Хөл алдаж өндрөөс унасан 13 настай охин гэмтлээ даалгүй нас баржээ

Өнөөдөр / 2021.12.18/ 18:00 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бичил” хорооллын нутаг дэвсгэрт байрлах есөн давхар орон сууцны дээврээс өсвөр насны гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан. Улмаар ОБЕГ-ын алба хаагчид тэднээс хоёрыг нь "аврах дэрэн" авсан гэж мэдэгдсэн бол, нэг хүүхэд нь өөрөө буусан байдаг. Тэгвэл "аврах дэрэн" дээр унасан 13 настай охин гэмтлээ даалгүй нас баржээ.

Энэ асуудлаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албаны дарга Х.Баатархүү, "Өнөөдөр 16 цаг 00 минутад Цагдаагийн газарт тус байрны дээвэр дээр гурван хүн хөлөө унжуулаад суугаад байна гэх мэдээлэл ирсэн. Дуудлагын дагуу Цагдаагийн байгууллага болон НОБГ газар дээр нь очиж ажилласан. Шалгалтаар дээвэр дээр байсан хүмүүс нь 13 настай Ч, 13 настай Х, болон 21 настай Ц  нар болох нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллагаас тухайн гурван иргэдтэй ярилцахад 13 настай Ч буусан. Харин араас нь 13 настай Х, 21 настай Ц буух гэж байгаад хөл алдаж унасан. Онцгой байдлын албаны аврах дэрэн дээр буусан ч гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдсэн. Гэвч 13 настай Х сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байгаад 20:00 нас барсан. Одоогийн байдлаар 21 настай Ц-ийн биеийн байдал хэвийн байна. 

Амь насаа алдсан хүүхдийн хувьд 11 сард гэрээсээ гараад алга боллоо гэх дуудлага Цагдаагийн байгууллагад ирж, хэргийн дагуу шалгалт явуулахад хойд эцэгтээ хүчиндүүлдэг байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Хойд эцгийг нь цагдан хориод, 12-р сарын 16-нд хэрэг мөрдөн шалгах ажиллагаа дуусаад шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байсан. Хохирогчийг СЭМҮТ-д үзүүлэхэд сэтгэц хэвийн гэх дүгнэлт гарсан. Цагдаагийн байгууллагаас охинд тухайн үед сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлсэн" гэж мэдэгдлээ. Иймд, өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.

2021-12-18 20:01

ТОДРУУЛГА: Хоёр хүүхдийг “аврах дэрэн” дээр авсан бол, нэг хүүхдийг аюулгүй буулгасан

Өнөөдөр / 2021.12.18/ 16:00 цагийн орчимд Нийслэлийн Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Бичил” хорооллын нутаг дэвсгэрт байрлах есөн давхар орон сууцны дээврээс ЕБС-ийн 8-9 дүгээр ангийн гурван хүүхэд үсэрч, амиа хорлохыг завдсан хэрэг гарсан.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд үсэрсэн бөгөөд яаралтай тусламжаар ГССҮТ-д хүргэсэн байна. Харин нэг эмэгтэй хүүхдийг нь аюулгүй буулгажээ. Одоогоор хэргийн газар цагдаагийн албан хаагчид болон ОБЕГ ажиллаж байна.

 Энэ талаар ОБЕГ-аас, “Дээвэр дээр нэг эрэгтэй, хоёр эмэгтэй хүүхэд байсан. Эхлээд нэг эрэгтэй, нэг эмэгтэй хүүхэд үсэрснийг аврах дэрэн дээр авсан. Үлдсэн нэг охиныг нь дээврээс буулгаж цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Аврах дэрэн дээр авсан хоёр хүүхдийг ГССҮТ-д хүргээд байна" гэж мэдээллээ. Иймд, өсвөр насны хүүхдүүдэд тавих хараа, хяналтаа сулруулахгүй байхыг сэрэмжлүүлэх үүднээс тус мэдээллийг нийтэллээ.