БАРИМТ: МХЕГ-ын дарга Т.Гантулга Ковидын хууль ашиглаж Г.Батмөнх тэргүүтэй 14 ХҮНИЙГ албан тушаалд ТОМИЛЖЭЭ

БАРИМТ: МХЕГ-ын дарга Т.Гантулга Ковидын хууль ашиглаж Г.Батмөнх тэргүүтэй 14 ХҮНИЙГ албан тушаалд ТОМИЛЖЭЭ

Төрийн байгууллагуудын зарим удирдах албан тушаалтнуудыг томилохдоо “Ковидын хуулиар далимдуулж, ямар ч сонгон шалгаруулалт хийхгүйгээр МАН-д нөлөө хүмүүсийн хүүхэд, найз нөхдийг томилж байна” гэх шүүмжлэл сүүлийн үед их гарах болсон.

Тодруулбал, Ковидын хууль буюу “Ковид-19 цар тахлаас урьдчилсан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай" хуулийн 3.2-д, "… албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ" гэж заасан байгаа юм. Иймд хуулийн энэхүү заалтыг ашиглаж төрийн зарим удирдах албан тушаалтнуудыг ямар ч сонгон шалгаруулалтгүй томилох болжээ.

-МХЕГ-ЫН ДАРГА Т.ГАНТУЛГА КОВИД-19 ЦАР ТАХЛААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХУУЛИЙГ АШИГЛАЖ ТОМИЛГОО ХИЙЖЭЭ-

Тухайлбал, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар /МХЕГ/-ын дарга Т.Гантулга энэ оны аравдугаар сарын 06 /2021.10.06/-ны өдөр “Ковид-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн хүрээнд зарим иргэдийг “ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” тушаал гаргажээ.

Ковидын хуулийн хүрээнд МХЕГ-ын томилгоо. 2021.10.06

Ингэхдээ, Хилийн хяналтын газрын даргаар Г.Батмөнх, Байгаль орчин, геологи, уул уурхайн хяналтын газрын даргаар С.Батбаатар, Хууль зүйн газрын даргаар Т.Ганбаатар, Экспорт, импорт, хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар Т.Төмөрбаатар нарын 14 хүнийг албан тушаалд томилсон байна. Харин эдгээр хүмүүсийн зарим нь тус албан тушаалд томилогдоход тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй байгаа аж. Тодруулбал, Мэргэжлийн хяналтын зарим алба хаагчид нь, “Эрхэлсэн түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтыг төгссөн. Төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх, Төрийн хяналт шалгалтын байгууллагад 3-аас доошгүй жил ажилласан байх” зэрэг шаардлагыг хангасан байх ёстой байдаг.

-КОВИДЫН ХУУЛЬ ДУУСАХААС ӨМНӨ ЗАРИМ ТОМИЛСОН ХҮМҮҮСЭЭ ЖИНХЛЭХЭЭР ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАСАН УУ-

Тэгвэл МХЕГ-ын дарга Т.Гантулгын дээрх томилгоонд, өнгөрөгч зун олон хүний элэг доог болж, шүүмжлүүлж байсан “Замын-Үүдийн ариутгагч ногоон хаалга”-ыг бариулсан байж болзошгүй гэх Г.Батмөнх багтаж, Хилийн хяналтын газрын даргаар томилогджээ.

Хилийн хяналтын газрын удирдах албан тушаалд шалгаруулалт зарлаад цуцалсан байдал. 2021.12.16

Хачирхалтай нь, МХЕГ-ын дэргэдэх салбар зөвлөлөөс “Хилийн хяналтын газрын даргын албан тушаал”-д сонгон шалгаруулалт зарлаж, энэ сарын 16 /2021.12.16/-ны өдөр “шалгалт авах” байсан тодорхой бус шалтгааны улмаас “анкет цуцлагдсан” байна. Үүнийг зарим эх сурвалжууд, “Ковидын хуулийг ашиглаж, зарим томилгоо хийчхээд,тус хуулийг дуусахаас нь өмнө дээрх томилгоонуудаа жинхэлж, шалгаруулалт зарлатал нөхцөл шаардлага хангасан, мэргэжлийн өөр хүмүүс анкетаа ирүүлсэн, бүртгүүлсэн тул шалгалтыг цуцалсан байж болзошгүй” гэж тайлбарлаж байна. Товчхондоо, Ковидын хуулийг далимдуулж хийсэн зарим дарга нарын томилгоо нь эцэстээ хэрхэн үнэнд гүйцэгдэж байж болзошгүй ганцхан жишээг эндээс харж болно. Харин өдгөө Засгийн газраас тус хуулийн үйлчлэх хугацааг сунгах саналаа УИХ-д хүргүүлсэн гэж буй. Иймд өнөөдөр /2021.12.20/ УИХ дахь МАН-ын бүлгийн хурлаар тус асуудал яригдана гэсэн мэдээлэл байна.