“Улс орон самраад” байгаа Ковидын хуулийг СУНГАХ эсэх талаар УИХ-ын гишүүд ӨНӨӨДӨР хуралдана

“Улс орон самраад” байгаа Ковидын хуулийг СУНГАХ эсэх талаар УИХ-ын гишүүд ӨНӨӨДӨР хуралдана

Иргэдийн дунд “Ковидын хууль” гэж нэрлэж заншаад байгаа Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийн үйлчлэх хугацаа энэ сарын 31/2021.12.31/-ны өдөр дуусаж байна.

Иймд тус хуулийн үйлчлэх хугацааг дахин сунгах саналаа Засгийн газраас УИХ-д хүргүүлсэн байна. Харин өнөөдөр /2021.12.20/ дээрх хуулийг сунгах эсэх талаар УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд хуралдаж, нэгдсэн саналд хүрэх юм. Тэгвэл тус хууль иргэдийн эрхийг ноцтой зөрчиж, зарим албан тушаалтнуудад хэт их эрх мэдэл өгөөд байна гэж иргэд шүүмжилж буй. Мөн энэ талаар реппер Big Gee “Миний инээд хүрээд байна” дууг бүтээж саяхан цацжээ. Тус уран бүтээлд, “Ковид далимдуулж улс орон самраа *аагаад” гэж гарч байгаа юм.

Тэгвэл бид “Ковидын хууль”-нд иргэдийн эрхийг зөрчсөн ямар ноцтой заалтууд байдаг талаар түүвэрлэн хүргэж байна.

ХУУЛИНД:

  • 1.1.Энэ хуулийн зорилт нь … хүний эрхэд тодорхой хязгаарлалт хийх, холбогдох шийдвэрийг шуурхай гаргах, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохион байгуулалтын асуудлыг Засгийн газар онцгой журмаар шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
  • 3.2. … албан тушаалтныг сонгон шалгаруулахаар хуульчилсан зохицуулалтыг энэ хуулийн үйлчлэл зогссон өдрөөс эхлэн тухайн хуульд заасан хугацааг баримтлан хэрэгжүүлнэ.
  • 5.1.7. хүний нэр төр, алдар хүндийг гутаан доромжлох, сэтгэл зүйн дарамт, хохирол учруулж болзошгүй мэдээлэл тараахгүй байх.
  • 7.4.Ашигт малтмал, газрын тосны экспорт, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хилийн боомтын хяналт, улс хоорондын тээврийн зохицуулалт, халдвар хамгаалал, аюулгүй байдлын чиглэлээр хууль сахиулах болон хилийн хяналтын байгууллага, орон нутгийн засаг захиргааны байгууллагын ажлын уялдаа холбоог нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргааг байгуулна.

Хилийн боомтын онцгой бүрэн эрхт захиргаанаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ;

  • 7.1.5.иргэн, хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, мэдээллийг гаргуулан авах;
  • 7.1.6.иргэн, албан тушаалтанд шаардлага тавих, байгууллага, объектод саадгүй нэвтрэх;
  • 9.10.Цар тахлын үед шүүгч, прокурорыг 24 цагаар ажиллуулах журмыг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болон Улсын ерөнхий прокурор тус тус баталж, хэрэгжилтийг зохион байгуулна.
  • 9.13.Цар тахлын талаар олон нийтийг төөрөгдүүлэх, илт худал мэдээлэл цахим орчинд тархахаас сэргийлэх зорилгоор цахим орчинд зохицуулалт хийх журмыг Цагдаагийн төв байгууллага Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран баталж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллана.
  • 10.11.Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8.1, 15.4-т заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй.
  • 11.3.Иргэний байршил, хөдөлгөөнийг тэмдэглэх, бүртгэх зорилгоор ашиглаж буй аливаа программ болон техник хангамжийн өгөгдлийн санд цугларсан мэдээллийг зөвхөн цар тахалтай тэмцэх үйл ажиллагаанд ашиглах бөгөөд гуравдагч этгээдэд тараахыг хориглоно. Энэ үйл ажиллагааг харилцаа холбоо, мэдээллийн технологийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлж, хяналт тавина.
  • 12.2.Иргэн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах үүрэгтэй:
  • 12.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;
  • 16.1.Цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх үйл ажиллагаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшлийн эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлан авч болох бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өдөр тутмын нэн шаардлагатай хэрэгцээг хангахад ашиглагддаг эд хөрөнгө, барилга байгууламжийг дайчлахгүй.
  • 18.1.Энэ хууль 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үйлчилнэ.