СЕХ: Цар тахлын улмаас улс орнуудын сонгуулийн ирц огцом буурах хандлагатай байна

СЕХ: Цар тахлын улмаас улс орнуудын сонгуулийн ирц огцом буурах хандлагатай байна

Лондонд төвтэй Олон Улсын парламентын судалгааны төв (ICPS)-өөс энэ сарын 16-нд “Сонгуулийн технологийн инноваци: 2030-аад оны технологийн хэрэглээ ямар байх вэ” дугуй ширээний виртуал уулзалтыг зохион байгуулав. Үүнд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны удирдлагууд, Ажлын алба, Мэдээллийн технологийн төвийн ажилтан оролцлоо.

Энэхүү арга хэмжээнд дэлхийн улс орнуудын сонгуулийн төв байгууллагын төлөөлөгчөөс гадна сонгуулийн технологийн чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг олон улсын байгууллагын мэргэжилтэн, технологийн компаниуд оролцож ойрын жилүүдэд сонгуулийн зохион байгуулалтад  нэвтрүүлэх техник, технологийн боломж, цахим сонгууль зохион байгуулах талаар дөрвөн бүлэг сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Ойрын жилүүдэд технологийн дэвшил хурдацтай хөгжиж байгаа ч сонгуулийн салбарт цахим шинэчлэлийг ашиглах явдал ахиц муутай, банк санхүү, цахим засаглал зэрэг бусад салбараас хол хоцорсныг дэлхийн улс орнууд анхааралдаа авч эхэлжээ. Дэлхий нийтэд тархсан цар тахлын улмаас улс орнуудын сонгуулийн ирц огцом буурах хандлагатай байна. Эдгээр нөхцөл байдлаас улбаалан сонгуулийн ардчиллын үйл явцад шинэ технологи ашиглах зүй ёсны хэрэгцээ, шаардлага үүссэн гэдгийг илтгэгчид дурдлаа.

Сонгогчдын оролцоог нэмэгдүүлэх, чирэгдэл багатай, түргэн шуурхай, орон зай, газар зүйн байршлаас үл хамааралтайгаар саналаа өгөх боломжоор хангах, байгаль орчинд ээлтэй, цахим санал хураалт явуулах нөхцөлийг бүрдүүлэх, ингэхдээ мэдээллийн хамгаалалт, аюулгүй байдлыг хангах эрх зүйн орчныг бий болгох зэрэг шинэчлэлийг цаг үе шаардаж байгааг уулзалтаар онцоллоо.

Одоогийн байдлаар цахим сонгуулийг амжилттай нэвтрүүлсэн сайн туршлага нь Эстони Улсынх юм. Тус улс 2021 оны 10 дугаар сард цахим болон уламжлалт аргыг хослуулан сонгуулиа явуулахад нийт сонгогчдын 47 хувь нь цахимаар саналаа өгсөн байна.

Эх сурвалж: Сонгуулийн ерөнхий хороо