ЮНЕСКО Байгаль нуурт үнэлгээ хийнэ

ЮНЕСКО Байгаль нуурт үнэлгээ хийнэ

НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага ЮНЕСКО энэ сарын 28-ны өдөр Байгаль нуурын экологийн байдалд үнэлгээ хийхээр бэлтгэж байна. Ингэхдээ Олон улсын байгаль хамгаалах холбоотой хамтарна гэж "Тасс" агентлаг мэдээлж байна.

Хоёр байгууллагын хамтарсан томилолт нь дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн Байгаль нуурын нөхцөл байдалд үнэлгээ өгөх зорилготой. Үнэлгээ өгөх байгууллагууд Байгаль нуурт зочилж, тулгамдаж байгаа бүх чухал асуудлыг авч хэлэлцэх болно гэжээ. Мөн Байгаль нуурт хийсэн үнэлгээ дүгнэлтээс гарсан үр дүн нь “хянан хэлэлцэх” шинэ тайлангийн үндэс болно гэж ЮНЕСКО-гийн төлөөлөгч мэдэгдээд байна.

ЮНЕСКО–гоос Байгаль нуурын эрэг дагуу, мөн тус нуурын тусгай хамгаалалттай газар нуагт барилга байгууламжууд өргөжиж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.

Мэргэжилтнүүд мөн Байгаль нуурын хүрээлэн буй орчны бохирдлын түвшин нэмэгдэж, усны түвшин багасаж байгаа талаар онцолсон юм. Тэгвэл өмнө нь ЮНЕСКО-гоос дэлхийн хамгийн гүн, цэнгэг уст нуурын усны нөөцийг Дэлхийн аюулд орсон өвийн жагсаалтад оруулж магадгүй гэж мэдэгдэж байжээ.

Байгаль нуур нь дэлхийн ундны усны 20 орчим хувийг эзэлдэг, мөн манай гарагийн хамгийн том ундны усны сан юм. Байгаль нуур болон түүний эрэг орчмын бүс нутаг нь ургамал, амьтны өвөрмөц олон төрөлтэй, мөн дэлхийн хамгийн тунгалаг 10 нуурын тоонд ордог. Үүнээс гадна дэлхийн хамгийн эртний нуурт тооцогддог байна. 25-30 сая жилийн настай тус нуур нь дэлхийн гадарга дээрх долоо дахь том нуур юм. Байгаль нуурыг одоогоос 25 жилийн өмнө ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан байдаг.