Ж.Амарсанаа: Д.Сарангэрэл сайдыг улс төрийн хийрхлээр огцрохыг шаардаж байгаа юм биш

Ж.Амарсанаа: Д.Сарангэрэл сайдыг улс төрийн хийрхлээр огцрохыг шаардаж байгаа юм биш

Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-СҮРЬЕЭГИЙН ТАХАЛ ГАРЧИХААД БАЙХАД ШИЙДВЭР ГАРГАЖ ЯДСАН ХҮЛЭЭЛТИЙН БАЙДАЛТАЙ БАЙГААГ ОЙЛГОХГҮЙ БАЙНА-

-Сүүлийн үед ерөнхий боловсролын сургуулийн сурагчид олноороо сүрьеэгийн халдвар авсан тухай мэдээ мэдээлэл олон нийтийн дуулиан болоод байна. Эрүүл мэндийн дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд ямар байр суурьтай байна вэ?

-Нийгэмд маш харамсалтай зүйл болж байна. Нөгөө талаар маш хариуцлагагүй асуудал юм. Сурагчдын дундах сүрьеэгийн халдварын талаар салбарын хүмүүс нь анхнаасаа мэдэж байсан. Учир нь өмнө нь нийслэлийн сургуулиудад сүрьеэгийн тархалтын судалгаа хийгдэж байсан юм. Тухайн үеийн судалгаагаар сурагчдын 10 хувь нь сүрьеэгийн далд халдвартай гэсэн хариу гарч байсан. Өөрөөр хэлбэл “далд сүрьеэ идэвхитэй хэлбэрт орох аюултай” гэсэн анхааруулга болж байлаа. Энэ тухай би өмнө нь А.Цогцэцэг сайдын үед ч, Д.Сарангэрэл сайдыг томилогдохтой зэрэгцээд ч цахим хэлбэрээр дамжуулан хэлж байсан. “Та бүхэн халдварт өвчин дотроос сүрьеэг л сайн анхаараарай, сургуулийн насны хүүхдүүдийн дунд сүрьеэгийн далд халдвар өндөр байна, энэ хүүхдүүдийг яах вэ гэдэг асуудлыг шуурхай шийдээрэй” гэсэн зөвөлгөөг өгч байлаа. Хэрэв зөвөлгөөний дагуу эртнээс анхаарч арга хэмжээ авсан бол асуудал өнөөгийн хэмжээнд хүрч даамжирахгүй байлаа.

-Цаашдаа далд сүрьеэтэй эдгээр олон хүүхдийг яах вэ. Өвчтэй гэж үзэх үү, өвчтэй гэж үзэж байгаа бол ямар эмчилгээ хийгдэх ёстой вэ гэж олон эцэг эхчүүд асууж байна. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Энэ бол ганц хоёрхон сургуулийн асуудал биш. Маш том асуудлын дөнгөж үзүүр нь харагдаж эхэлж байна. Нийслэлийн ихэнхи сургуулиудад ийм асуудал бий. Сүрьеэтэй нэг хүүхдийн цаана ах эгч, дүү, аав ээж, эмээ өвөө, хамт тоглодог байрны хүүхдүүд гээд өчнөөн хүн бий. Сүүлийн үед эмэнд дасалтай сүрьеэ нэмэгдсэн. Эмэнд дасалтай сүрьеэ, ердийн сүрьеэгээс илүү аюултай. Иймд сүрьеэ нийгмийн хэмжээнд босч, тахлын хэмжээнд хүрээд байна. Үүн дээр маш шуурхай арга хэмжээ авмаар байна. Шийдвэр гаргаж ядсан, хүлээлтийн байдалтай байгааг ойлгохгүй байна. Маш яаралтай эрс шийдсэн арга хэмжээ авч, сургуулийн сурагчдыг шуурхай эмчилгээнд хамруулмаар байна шүү дээ.

-Өндөр хөгжилтэй орнуудад өдөр тутамд нь шахуу шинжилгээ авч, далд хэлбэртэй байхад нь эм өгдөг шүү дээ. Гэтэл манай салбар яамны мэргэжилтнүүд далд сүрьеэг өвчин биш, нийгэмд байдаг л үзэгдэл мэтээр тайлбарлаж байна. Монголд жилд дөрвөн мянган хүн сүрьеэгээр өвчилдөг гэсэн мэдээлэл өгөөд байгаа. Энэ нь хэр ёс зүйтэй мэдэгдэл вэ?

-Байдаг л үзэгдэл  юм бол өндөр хөгжилтэй орнууд яагаад далд сүрьеэг эмчлээд байгаа юм бэ. Тэдний мөнгө нь илүүдээ гараад, эрүүл мэндийн салбарынхан нь хийх юм олдохгүйдээ тэгээд байгаа юм уу. Үгүй шүү дээ. Далд сүрьеэнээс идэвхитэй сүрьеэ рүү шилждэг учраас эртнээс сэргийлж байгаа нь тэр юм.

Монголд яагаад олон хүүхдийн сүрьеэний асуудал дэгдчихэв. Байдаг л зүйл юм бол асуудал өнөөдөр ингэтлээ хурцдахгүй шүү дээ. Халдварт өвчнүүдэд хийдэг тандалт судалгаагаар өвчтэй нэг хүний ард хичнээн хүн өвчилж болох вэ гэдгийг мэддэг. Ийм судалгааг хийдэг бүхэл бүтэн алба ХӨСҮТ-д бий. Тэр албаны үйл ажиллагааг хэн чиглүүлдэг, юу хийдэг нь тодорхойгүй байна. Байнгын давтамжтай тандалт судалгаа хийж байсан бол өнөөдөр энэ олон сурагч энэ хэмжээнд хүрэх үү гэдэг асуудал хөндөгдөнө. Нөгөө талаар далд сүрьеэг эмчлээч ээ гээд яригдаад байхад яагаад эмчлэлгүй өдий хүрсэн бэ. Эмчлэхгүй яваад байсных нь хариуцлагыг хэн хүлээх вэ. Зарим төрийн бус байгууллагууд далд сүрьеэг эмчилдэг эм оруулж ирье, эмчилье гээд байхад Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ огт хөдлөөгүй.

-Нөгөө талаар далд сүрьеэ эмчилдэг эм элгэнд хортой гэдэг эргэлзээ нийгэмд төрчихсөн маргаан дагуулаад байгаа шүү дээ?

-Яг тийм. Эцэг, эхчүүд уулгах юм уу, үгүй юу гэдэг асуудлыг яриад байгаа. Эрүүл мэндэд хоргүй, гаж нөлөө багатай эмүүдийг дэлхийн улс орнууд хэрэглээд л байгаа шүү дээ.Тэр эмнүүдийг чинь оруулъя гэсэн төрийн бус байгууллагууд байсан. Үүнд ач холбогдол өгөөгүй хэрнээ асуудал үүсэхээр “Өө тэр эм элгийг гэмтээдэг” гэх асуудал ярьж байх жишээтэй. Энэ нь асуудлынхаа эрэмбэ дарааллыг ойлгоогүйн илрэл. Үүнээс үүдэж асуудлууд ар араасаа гарч байна. Яг өнөөдрийн нөхцөл байдлаар бол яам нь гаж нөлөө багатай, эрүүл мэндийн хоргүй гэсэн эмийг яаралтай оруулж ирж, зохих хүмүүст хүргэх хэрэгтэй байна. Даатгалаар хөнгөлнө үү, улсынхаа төсвөөс гаргана уу хамаагүй, ямар ч л байсан далд сүрьеэтэй иргэд, хүүхдүүдээ бушуухан эмчлээч ээ гэж хэлмээр байна. Сургуулийн сурагчдад “мантуу сорил” хийсэн. Сүрьеэгийн “мантуу” гэх сорил тийм ч найдвартай шинжилгээний арга биш. Өөрөөр хэлбэл хуурамчаар эерэг, сөрөг гардаг. Мантуу сорил хийлгэж байгаа хүмүүс дотор жинхэнэ сүрьеэтэй хүмүүс ч байдаг. Мантуун сорилоор эерэг гарсан хүмүүс бүр нарийн шинжилгээ хийлгэх хэрэгтэй. Тэр нь жаахан үнэтэй. Гэхдээ олон сая хүний асуудал ярьж байгаа биш, хэдхэн мянган хүнээ тэр шинжилгээнд нь хамруулахад юу нь болохгүй гэж. Тэгээд өндөр эрсдэлтэй, идэвхитэй сүрьеэтэй хүмүүсээ дахиад ялгаж удаан хугацааны эмчилгээнд хамруул. Сургуулийн насны бүх хүүхдийг сүрьеэгийн шинжилгээнд хамруул. Далд сүрьеэ илэрсэн хүүхдүүдэд дахин нарийн шинжилгээ хийж, эмчилгээнд оруул. Ийм л төгс зүйлийг энэ Засгийн газар, Эрүүл мэндийн яамнаас хүсч байна.

-2016 ОН ДАМНАН СҮРЬЕЭГЭЭР 100 ГАРУЙ ХҮҮХЭД ӨВЧИЛСНИЙГ НУУН ДАРАГДУУЛЖ БАЙСАН БАЙДАГ-

-Та ярилцлагынхаа эхэнд судалгаагаар нийт хүүхдийн 10 хувь нь сүрьеэгийн халдвартай гэсэн хариу гарч байсан, холбогдох байгууллагуудад анхааруулж байсан ч тоогоогүй хэмээн дурдлаа шүү дээ. Хэзээ хийгдсэн ямар судалгаа вэ?

-Энэ судалгаа явагдаад дөрвөн жил болчихлоо. Тодруулбал, 2016 оны эхээр сургуулийн насны 9000 гаруй хүүхдийн сүрьеэгийн шинжилгээнд хамруулахад 910 хүүхэд далд сүрьеэтэй гэдэг хариу гарсан. Бараг 10 хувь гэсэн үг. Эдгээр 910 хүүхдээс 125 нь идэвхитэй сүрьеэтэй байсан. Энэ тоонд би эмзэглэсэн. Далд сүрьеэ гэдэг нь эрүүл мэндэд ямар нэгэн тодорхой шинж тэмдэг илрээгүй байгааг хэлдэг.

Хамгийн сүүлд сургуулийн 500 хүүхэд сүрьеэтэй гээд яригдлаа. Одоо эдгээр хүүхдийн хэд нь далд, хэд нь идэвхитэй сүрьеэтэй вэ гэдгийг яаралтай илрүүлэх хэрэгтэй байна. Энэ яриа гараад бүтэн долоо хоног өнгөрлөө. Яам нь мэдээд бүр удаж байгаа байх. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч шийдтэй алхам хийхгүй байгаад гайхаж байна.

-Хамгийн сүүлд сургуулийн сурагч сүрьеэгээр нас барсан асуудлыг яам нь нуун дарагдуулсан гэдэг мэдээлэл цацагдаад байгаа шүү дээ?

-Энэ асуудлыг би саяхан олж мэдсэн. 15 дугаар сургуулийн хувьд 2016-2017 он дамнан 100 гаруй хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байдаг юм байна. Энэ мэдээллийг ХӨСҮТ болон ЭМЯ нуун дарагдуулсан юм билээ. Ядаж салбарынхаа хүрээнд нээлттэй болгож, голомтод нь арга хэмжээ авах ёстой байсан. Тэгсэн бол өнөөдөр 500 хүүхдийн асуудал яригдахгүй байх байсан. Магадгүй дараад дараад нууж чадаагүй байх. Энэ бол шат шатны хүмүүсийн хариуцлага алдсан асуудал юм. Багш нар, захирал, эмч нар, ХӨСҮТ, ЭМЯ-ны аль нэг нь нийгэмд шүгэл үлээх ёстой байсан. Нуун дарагдуулсан хэрнээ асуудлыг яагаад шийдэлгүй орхив.  

-Нуун дарагдуулах гол зорилго нь юу байв гэж бодож байна вэ?

-Хамгийн наад зах нь хариуцлага, албан тушаалын асуудал яригдана. Ард түмэн тэднээс хариуцлага нэхнэ. Үүнээс айсан гэж хардаж байна.

-Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад сүрьеэгийн халдвар тархсан нь асуудалд салбар яамны сайд нь огцорч хариуцлага хүлээх ёстой хүн яалт ч үгүй мөн гэж та үзэл бодлоо илэрхийлсэн юм билээ. Гэтэл зарим нь бусдын шинжилгээнд хамрагдаагүйгээс болж сайд яагаад огцрох гэх байр суурьтай байсан. Энэ тал дээр ямар бодолтой байна вэ?

-Сургуулийн сурагч сүрьеэ гэдэг өвчнийг мэдэх үү, өөрөө сүрьеэ туссаныг мэдэх үү. Ийм хүүхэд яаж би шинжилгээ өгье гээд явж байх юм бэ. Гэтэл тэнд голомт байгаа гэдгийг мэдсээр байж арга хэмжээ аваагүй нь эцэг эхчүүдийн ч буруу биш шүү дээ. Яагаад гэвэл эцэг эхчүүд ч мэргэжлийн бус хүмүүс учраас сүрьеэгийн шинж тэмдэг яаж илэрдэгийг ч мэдэхгүй. Нөгөө талаар сүрьеэ бараг л шинж тэмдэг илэрдэггүй онцлогтой. Гэтэл эцэг эхчүүдийг, сурагчдыг яагаад шинжилгээнд хамрагдаагүй юм бэ гэж буруутгах нь байж болшгүй асуудал. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байгаа нийтлэлүүдийг анзаараад байхад ЭМЯ асуудлыг өөрөөсөө холдуулах, хариуцлагаас бултах гэсэн хандлага анзаарагдаж байна. Үүний оронд асуудал руу анхаарч, шуурхай арга хэмжээ авч ажилламаар. Сүүлийн долоо хоног яг юу хийв гэж яамны нөхдөөс асуумаар байна.

Би саяхан томилогдсон сайдыг улс төрийн хийрхлээр огцрохыг шаардаж байгаа юм биш. Энэ салбарыг тодорхой хэмжээнд мэддэг хүний хувьд асуудал ярьвал ярихаар хугацаа өнгөрлөө. 2017 оны сүүлээр томилогдсон сайдын ажлын үр дүн гарах хугацаа юм. Гэтэл удаа дараа хариуцлага алдсан асуудлууд гаргаж байна. Тухайлбал, вифероны лаагаар ард түмнийг ч, эрүүл мэндийн салбарынхныг ч талцуулсан. Ойлгомжгүй мэдэгдлүүдийг удаа дараа хийсэн. Сүүлдээ өөрийнхөө хэлсэн үгнээс ч буцсан тохиолдол бий шүү дээ. Үүнээс харахад энэ хүнд онолын мэдлэг дутагдаж байна. 

-Тэгвэл манай эрүүл мэндийн салбар өнөөдөр таныхаар ямар түвшинд байна вэ?

-Эрүүл мэндийн салбар сайжраад байна уу, муудаад байна уу гэдгийг хэд хэдэн үзүүлэлтээс харж болдог. Тухайлбал, зөвхөн нялхасын эндэгдэл, эхийн эндэгдэл, 0-5 настай хүүхдийн эндэгдэл зэрэг эндэгдлүүдийн хүрээнд салбар ажлаа хийж чадаж байна уу, үгүй юу гэдгийг харчихаж болно. Яг одоо миний гарт 2017 оны эхний найман сар, 2018 оны эхний найман сарыг харьцуулсан үзүүлэлт байна. Эдгээрийн тоон үзүүлэлтийг харахаар бүх эндэгдэл өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн нийт нас баралт, эмнэлэг дэх нас баралт, пернатал эндэгдэл, эхийн эндэгдэл гээд бүгд өссөн. Сүүлийн үед янз бүрийн эмийн худалдаатай холбоотой нас баралтууд дуулдах болсон. Энэ тал дээр ямар бодлого баримталж ажиллаж байгаа нь бас л тодорхойгүй. Энэ бүх асуудал салбарын сайдтай яалт ч үгүй холбоотой.

-Хамгийн сүүлд яамны хоёр ажилтан авлигын хэрэгт холбогдон хоригдоод суллагдлаа. Эрүүл мэндийн салбар авлигад идэгдсэн гэдэгтэй санал нийлэх үү?

-Сайдынх өөрийнх нь туслах байсан хүн авлигын хэрэгт холбогдоод баривчлагдлаа. Өөрийнх нь туслах гэдэг нь өөртэй нь хамгийн ойр шадар хүн нь байж таараа шүү дээ. Тиймээс бид өөрийг нь авлига албан тушаалын хэрэгт хардах эрх бий гэж бодож байна. Мөн өөрийнхөө хүүгийн найзыг албан тушаалд томилсон асуудал нь шалгагдаж байсан. Иймд бид авлигал хээл хахууль, албан тушаалаа хэтрүүлэн ашигласан байдал зэргийг нь харгалзаад ёс зүйн хувьд тэнцэхгүй байна гэж харж, хардаж байна.




Өнөөдөр хонь өдөр

1 цагийн өмнө