Б.Пүрэвдорж: Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ гурав улс төрөөс явах цаг нь болсон

Б.Пүрэвдорж: Х.Баттулга, Ц.Элбэгдорж, С.Эрдэнэ гурав улс төрөөс явах цаг нь болсон

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой цаг, үеийн асуудлаар ярилцлаа.

ВИДЕО:

 

 

-ХӨГЖЛИЙН БАНКНААС ЗЭЭЛ АВСАН КОМПАНИ БҮР ДЭЭР ХИЙСЭН ДҮГНЭЛТИЙГ ИРЭХ ДОЛОО ХОНОГТ ГАРГАНА-

-Хөгжлийн банканд шалгалт хийх УИХ-аас байгуулсан ажлын хэсэгт та ажиллаж байгаа. Ажлын хэсгээс эхний дүгнэлтээ танилцуулсан. Түүнээс хойш шалгалтын үйл явц хэрхэн үргэлжилж байна. Өчигдөр /уржигдар/ ажлын хэсэг хуралдана гэж байсан. Хуралдсан уу?

-Өчигдөр /уржигдар/ ажлын хэсэг хуралдсан. Би анхнаасаа нэг байр, суурьтай байсан. Тэр нь Түр хороо байгуулах. Тодруулбал, бидний ажлын хэсэг нь УИХ-ын захирамжийн хүрээнд хангалттай ажлаа хийнэ. Харин иргэд, хэвлэл мэдээллийнхний хүсэн хүлээгээд буй үр дүнд хүрч ажиллаж чадахгүй. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, ажлын хэсэг, дэд ажлын хэсэг нь компаниудын зээлийн материалтай танилцъя гэхэд бүгдийг нь АТГ зэрэг хууль хяналтын байгууллагууд авчихсан. Хоёрдугаарт, аж, ахуй нэгж дээр нь очоод данс тооцоог нь шалгах эрхгүй. Цаашлаад компанийн захирлуудтай уулзаад “Энэ зээлийг авахад улс төрч нөлөөлсөн үү” гэж мөрдөн байцаагч шиг асуух эрхгүй. Мөн зарим зээл 5-6 жил шүүхийн маргаантай явж байна. Яагаад ингэж удсан талаар шүүгчээс асуух боломжгүй. Хуулийн байгууллагаас зарим зээлийн барьцааг суллаад явуулсан байх жишээтэй. Яагаад ингэсэн талаар нь хуулийн байгууллагын ажилтанг дуудаад асуух боломжгүй. Иймээс Түр хороо байгуулах ёстой гэж байгаа юм.

-Тэгвэл та бүхэнд ямар боломж байгаа юм?

-Түр хороо байгуулагдвал УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хуулийн байгууллагын ажилтнуудыг дуудаж мэдээлэл авах боломжтой болох юм. Мөн бусад мэдээлэлтэй танилцах эрх нь нээгдэнэ. Одоо байгаа Ажлын хэсгийн гишүүд чадлаараа ажиллаж Хөгжлийн банкны зээлийг зориулалтын бусаар ашигласан, анхнаасаа төлөхгүй зорилгоор авсан хүмүүсийг бүгдийг нь ялгаж ангилаад олон нийтэд танилцуулна.

-Хэзээ танилцуулах юм?

-Өчигдрийн /уржигдар/ хуралдаан нэлээн оройтож тарсан. Өнөөдөр /өчигдөр/ 15.00 цагт дахин хуралдана. Уг хурлаар компани, зээл бүрээр нь ангилан ярилцана. Үүний дараа компани бүрээр нь дүгнэлт гаргах ёстой. Дүгнэлт ирэх долоо хоногтоо багтан гарна.

-Танай ажлын хэсгийн гаргасан дүгнэлт дээр үндэслэн дараагийн шийдвэрүүд гарах уу?

-Ажлын хэсгээс компаниудын мэдээллийг олон нийтэд танилцуулаад л болно. Ард түмэн биднээс маш их зүйл хүсч байгаа. Ажлын хэсэг гаргаад ямар ч үр дүнгүй байна гэж ярина. Гэтэл бидэнд хуулийн байгууллага шиг ажиллаж ял оноох, барьцаа хөрөнгийг нь хураах эрх үгүй. Тиймээс бид УИХ-ын 19 гишүүн гарын үсэг зураад Түр хороо байгуулах нөхцөл байдал руу очно. Учир нь үүнд тодорхой хэмжээний улс төрчид оролцсон. Тэгэхээр энэ асуудлыг улс төрчид л өргөн хүрээнд ярилцаж, шийдэх ёстой гэж бодож байна. Зээл авчхаад огт төлөлт хийхгүй байгаа, улс төрчдийн нөлөөллөөр зээл авсан, барьцаа хөрөнгө нь асуудалд орсон компаниудын асуудлыг зайлшгүй УИХ-ын түвшинд ярилцаж байж хариуцлага тооцож чадна гэж бодож байна.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

-ЦЕМЕНТИЙН ҮНИЙГ 30 ХУВИАР НЭМЭХ НЬ ҮНДЭСЛЭЛГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА-

-Хариуцлага тооцох олон компани байгаа байх. Үүнд цемент үйлдвэрлэгч компаниуд орох уу?

-Экспортыг дэмжиж, импортыг орлосон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг аж, ахуй нэгжийн үйл ажиллагаа руу орж болохгүй. Ковидын үед дотоодын цементийн үйлдвэрүүд байгаагүй бол барилгын салбар дампуурсан байх байсан. Тиймээс ямар азаар ийм хоёр цементийн үйлдвэрийг байгуулсан байсан юм. Эдгээр компани ханшийн эрсдэлд орсон байгаа. Ханшийн эрсдэл нь тэр хүмүүсээс биш төр засгийг буруу удирдсан Засгийн газар, Монгол банкны буруу. Тэгэхээр ханшийн эрсдэлд орсон асуудал зэргийг нь тодорхой хэмжээнд анхаарах ёстой. Гэхдээ аж, ахуй нэгжүүд цементийн түүхий эдээ гаднаас авдаггүй байж үнээ 30 хувиар нэмэх нь үндэслэлгүй л үзэж байна.

Зөвхөн дотооддоос түүхий эдээ авдаг шүү дээ. Засгийн газар, Монгол банк, аж ахуй нэгжүүд ярилцаж байж үнийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Түүнээс төрийн дарангуйллаар үүнийг зохицуулна гэж үгүй. Бүтээн байгуулалтын улирал эхлэх гэж буй учир яаралтай шийдвэрлэх ёстой.

-Орос, Украины нөхцөл байдлаас шалтгаалаад эдийн засагт хүндрэл үүсэх нь тодорхой байна. Тодорхой хэлбэл, өнөөдөр доллар олдохгүй байна. Оросоос авдаг бараа, бүтээгдэхүүнд тасалдал үүслээ. Зарим аж ахуй нэгжүүд бараагаа авч чадахгүй, зарж чадахгүйгээс болж хүний нөөцийн цомхотгол хийж байна. Тэгэхээр эдийн засагт үүсч мэдэх хүндрэл, инфляци, валютын ханшийн өсөлтийг хазаарлах тал дээр сөрөг хүчин болох танай намынхан Засгийн газраа шахаж, шаардаад ажиллаж байх ёстой. Гэтэл та бүхэн үүнийг ярих нь бүү хэл нөхцөл байдалтай байна шүү дээ?

-Бид нүүрс, төмрийн хүдэр, зэс алтаа зарах ёстой. Тэгэж байж валюттай болно. Угтаа бол манай улс БНХАУ-тай хийх импортоо хэвийн бүр сайн түвшинд барьсан бол асуудалгүй байсан. Харамсалтай нь БНХАУ ковидтой холбоотойгоор хилийн хориг хаалт тавиад байна. Хэрвээ бид төмөр замаар нүүрсээ экспортолдог байсан бол хүндрэл бага байх байв. Ложистикийн хямралтай холбоотойгоор бараа бүтээгдэхүүний үнэ их өсч байна. Тухайлбал, манай Ховдод АИ 92 шатахуун 3092 төгрөгөөр зарагдаж байх жишээтэй. Баруун аймгаар дамжин орж ирж байгаа дизелийн түлш, шатахууны албан татварыг багасгах замаар тэндхийн иргэдэд хямд үнээр шатахуун борлуулж болно. Тэндээс тавхан тэрбумын татвар авдаг. Тэгвэл баруун аймгийн иргэд Улаанбаатарын иргэдтэй адил үнээр шатахуун худалдан авах боломжтой болно. Ийм шийдлийг гаргадаггүй. Баруун аймгийнхан нэг ундааг Улаанбаатарынхнаас 500-1000 төгрөгийн илүү үнээр худалдан авч байна. Шатахуун, дизелиэс эхлээд маш үнэтэй бараа бүтээгдэхүүн хэрэглэх хүндрэлтэй нөхцөл байдалд амьдарч байна. Үүнийг Засгийн газраас шийдэх ёстой.  Бүх зүйлийг Ерөнхий сайд дээр аваачиж тавьдаг жишигтэй болж. Уг нь яамд өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд Цагаан нуур, Боршоо боомтоор орж ирэх шатахууны татварыг багасгах асуудлыг хөндөж Засгийн газрынхаа хурлаар хэлэлцүүлэх ёстой юм. Тэгэхгүй бүх зүйлийг Ерөнхий сайд нь шийддэг, өөрсдөө хариуцлагаас зугатдаг тогтолцоо руу орсон байна. Засгийн газар хариуцлагагүй ажиллаж байна. Барааны үнэ өсөх үндсэн шалтгаан Засгийн газар өөрөө юм. Тухайлбал, БНХАУ нь ковидын халдвар тархахаас сэргийлсэн. Гэтэл манайхан хариуцлагагүй байдал, авлигал хээл хахуулийн байдлаасаа болж ковидтой иргэнийг БНХАУ-руу нэвтрүүлдэг. Үүнээс болоод нүүрсний экспорт тасалдсан. Энэ мэт асуудлыг шийдсэн бол ямар ч асуудалгүй 1700 машинаа гаргаад валютын хангалттай нөөцтэй байх байлаа. Нүүрс 460 долларт хүрээд байна. Гэтэл манайхан өнгөрсөн жил 70 доллараар зарсан нүүрсээ ч хил гаргаж чадахгүй байна. Унхайгүй байдлаасаа болоод хоцорсон. Нүүрс, зэс, төмрийн хүдрийн үнэ өссөн. Алтны үнэ бүр галзуураад алга болсон. Ийм үед хариуцлагагүй ажиллана гэдэг Засгийн газрын муугийнх.

-Энэ өдрүүдэд Ардчилсан намын дотоод сонгуулийн сунгаа эхэлсэн байна. Та тус намын гишүүний хувьд энэ сонгуулийг хэр шударга, хуулийн дагуу гэж харж байгаа вэ?

-Өнгөрсөн жил Ардчилсан нам хоёр талдаа сунгаа зарлаад дөрөв, дөрвөн хүн өрсөлдөөд нэг талаас нь О.Цогтгэрэл, нөгөө талаас Б.Тулгат гарсан. Ингээд хоёр талаас хоёр албан бичгийг Дээд шүүх рүү өгсөн. Гэтэл Дээд шүүхээс “Танай дотоод асуудалд бид оролцохгүй. Та бүхэн нэг албан бичгээр нэг нэрийг санал болго. Тэгвэл бид бүртгээд өгнө” гэсэн. Гэтэл өнгөрсөн жил хийсэн тэр үйлдлийг өнөөдөр дахин давтаж байна. Өөрөөр хэлбэл, О.Цогтгэрэлийн талаас Х.Баттулга, Ж.Батсуурь гэж хоёр хүнийг дэвшүүллээ. Тун удахгүй С.Эрдэнэ нь хэдэн хүнийг бас дэвшүүлнэ.

Тэгэхээр Дээд шүүхээс дахин бүртгэхгүй. Тиймээс би “Эв нэгдэлтэй Ардчилсан нам” гэдэг санаачлагыг гаргасан. Үүнийхээ хүрээнд Ардчилсан намын Их хурлыг зарлан хуралдуулах 100 мянган гишүүний гарын үсэг зурах аяныг өрнүүлээд явж байна. Гэхдээ түр зуур зогсоосон. Учир нь Дээд шүүхийн гаргах шийдвэрийг мэдсээр байж “Би МАН-тай тохирсон. Дээд шүүх дээр манайхыг бүртгэнэ” гэдэг алдаагаа давтаж буйг би эсэргүүцэж байгаа юм.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж

-Х.БАТТУЛГА, С.ЭРДЭНЭ НАР ШИНЭ ҮЕДЭЭ ЗАЙГАА ТАВЬЖ ӨГ-

-Хэн МАН-тай тохирсон юм?

-Ил, далд их ярьдаг. Аль, аль тал нь У.Хүрэлсүхтэй, Л.Оюун-Эрдэнэтэй намын бүртгэлийн асуудлаар ярьдаг гэдэг. Дээд шүүхээс бидэнд хандан “Эв нэгдлээ ханган ганцхан нэр аваад ир” гэж байхад Ардын намынхантай уулзах ямар шаардлагатай юм. Бид дотроо л асуудлаа шийдвэрлэхэд болно шүү дээ.

Бид хэн нэгнээс намынхаа тамгыг асуудаг байж болохгүй. Бид нарын асуудлыг бид өөрсдөө л шийднэ. Намын гишүүдийн оролцоотой нам шүү дээ. Хэдэн нөхөд л сандал, ширээгээ булаацалдсан, нөгөөгөө унагахын тулд өөр намтай нийлдэг бүтэлгүй юм гэж юу байх билээ. Үүнийг нь хэлэхээр ойлгохгүй байгаа.

Ардчилсан намыг хэн доройтуулсныг манай намын гишүүд бүгд мэднэ. Намын Их хурлаас намын даргыг сонгодог. Харин манай нам энэ дүрмийг сөрж дотоод сонгууль зохион байгуулдаг. Одоо бол бүх аймаг, сумын намын даргыг авчирч хуралдаад даргаа сонгомоор байгаа юм. Тэр хүмүүс чинь өчнөөн хүн төлөөлж ирсэн юм чинь хариуцлагатай сонголт хийнэ. Мөн хэн нь хэн бэ гэдгийг маш сайн мэдэж байгаа.

-Х.Баттулгыг Ардчилсан намын даргад нэр дэвшиж буйг та хэрхэн харж байгаа вэ?

- Манай Ардчилсан нам хоёр Ерөнхийлөгчтэй. Тэр нь Ц.Элбэгдорж, Х.Баттулга. Энэ хоёр хүнийг Ерөнхийлөгч болгох гэж Ардчилсан намын жирийн гишүүд гутлынхаа улыг цоортол явсан. Одоо энэ хүмүүс хангалттай түвшиндээ хүрсэн. Улстөрөөсөө явах цаг болсон. Дээрээс нь С.Эрдэнээ гэж хүн байна. 2020 оны сонгууль болон Ерөнхийлөгчийн сонгуулиар навс ялагдсан. Энэ хүмүүс бүр явах хэрэгтэй. Мэдээж улс төрөөс явах нь явна. Гэхдээ залуучууддаа зааж, зөвлөх юм байх. Шинэ үеэ гаргаж ирэх цаг болсон. Ардын нам бүтэн шинэчлэгдээд байж байна. Гурван үеэ сольчихоод байж байна. Гэтэл манайхан 1990 оны ах нартайгаа зууралдаад байж байна. Би бол ганцхан зарчим дээр байдаг. Залуус нэг, нэгнээ дэмжээд явах болсон. Харамсалтай нь нэг, нэг хүний ард суучхаад гарч ирэхгүй байна. Бидний өрсөлдөгч МАН. Өнөөдөр МАН хангалтгүй ажиллаж байна. УИХ, Засгийн хангалтгүй ажиллаж буй учраас иргэдийн амьдрал өдрөөс өдөрт муудаж байна. Улсын өр маш их нэмэгдэж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ цаг, цагаар нэмэгдэж байна. Ийм үед хариуцлагагүй хоорондоо хэрэлдэж үндсэн асуудал руугаа орохгүй байж байгаа нь МАН-ын дэглэлттэй тоглолт болж байна. Ийм учраас бид ирээдүйгээ хараад сөрөг хүчнийхэээ байр, суурьт маш хурдан очихгүй бол хайрцан цаг өнгөрч байна.