ЭХ СУРВАЛЖ: Ц.Мөнхбаяр галт зэвсэг хэрэглэсэн, иргэд соёлгүй үйлчлүүлдэг зэргээс болж Төрийн ордны арын цэцэрлэгийг нээхгүй байгаа гэв

ЭХ СУРВАЛЖ: Ц.Мөнхбаяр галт зэвсэг хэрэглэсэн, иргэд соёлгүй үйлчлүүлдэг зэргээс болж Төрийн ордны арын цэцэрлэгийг нээхгүй байгаа гэв

Улаанбаатар хотын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хүрээнд Сүхбаатарын талбайд хиймэл зүлгийг энэ долоо хоногт дэвсэж, тэнд нь олон нийт цугларсан үйл явдал болсон. 

Үүнтэй холбоотойгоор Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээж, иргэдийг амарч зугаалах боломжоор хангахыг олон нийтээс зүгээс шаардаж буй. Тэгвэл тус цэцэрлэгт хүрээлэнг ямар шалтгаанаар нээхгүй байгаа талаарх мэдээллийг албаны эх сурвалжаас баталгаажуулан хүргэж байна. Цэцэрлэгт хүрээлэнгийн хаалгыг нээх эсэхийг Засгийн газар, Төр засгийн үйлчилгээ эрхлэх газар, Төрийн ордны хамгаалалтын албанаас шийдэх аж.

Төрийн ордны арын цэцэрлэг. 2022.05.06

Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх газрууд нь хоорондоо ярилцаад Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээхэд хэд, хэдэн эрсдэл тулгарна түүнээс хамаарч нээх эсэх нь эргэлзээтэй байдалд орсон тухай дүгнэлт хийжээ.

  • НЭГДҮГЭЭРТ, Цэцэрлэгт хүрээлэнд иргэд соёлтойгоор үйлчлүүлээд амарч, зугаалаад гардаг бол асуудалгүй үргэлж нээлттэй байж болно. Харин ихэвчлэн орон, гэргүй гудамжны хүмүүс хоноглох, өтгөн шингэнээ гаргах, архи ууж танхайрах орилж, чаралж зодоон хийх зэрэг үйлдлийг гаргах нь байдаг аж. Энэ нь Төрийн ордны хамгаалалтын албаныхны ажилд хүндрэл, чирэгдэл учруулж улмаар цэцэрлэгт хүрээлэнг бохирдуулах амарч буй иргэдийн тайван байх нөхцөлд саад учруулдаг аж. 2018 онд тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболдын үүргийн дагуу тус цэцэрлэгт хүрээлэнг нээсэн. Гэвч яг энэ асуудал хүндрэл учруулсан учраас хааж байжээ.
  • ХОЁРДУГААРТ, Түүнээс өмнө 2014 онд мөн нээсэн ч Ц.Мөнхбаяр тэргүүтэй Онги гол хөдөлгөөнийхөн урт нэртэй хуулийг эсэргүүцэж Төрийн ордон руу галт зэвсэг нээж нум сумаар харвасан ойролцоох газарт гранат байрлуулсан зэрэг үйл явдал болсон. Тэгэхээр жагсаал, цуглаан ойр ойр болж буй үеэр тусгай обьект болох Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнг нээх нь төрийн эрх мэдлийг хүчээр авах зэрэг эрсдэлийг учруулж болзошгүй аж. Тухайлан жагсагчид цэцэрлэгт хүрээлэн рүү орж түүнээс Төрийн ордон руу нэвтрэх эрсдэлтэй учраас болгоомжлол буй гэнэ.

Төрийн ордны арын цэцэрлэг. 2022.05.06

Энэ мэт эрсдэлээс үүдэн тус цэцэрлэгт хүрээлэнг нээж чадахгүй байгаа гэв. Гэхдээ ойролцоох хорооллын 20 орчим иргэд өглөөд Төрийн ордны арын цэцэрлэгт хүрээлэнд агаарлаж, дасгал хийдэг бөгөөд урт хугацаанд дадал болсон байна. Үүнтэй адил соёлтойгоор үйлчлүүлээд гарвал ямар ч “АСУУДАЛГҮЙ” гэдгийг албаныхан учирлаж байгаа юм.