Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 суултуур бүхий хоёр, Хүй 7 худагт 46 ариун цэврийн байгууламж ажиллана

Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 суултуур бүхий хоёр, Хүй 7 худагт 46 ариун цэврийн байгууламж ажиллана

Үндэсний их баяр наадмыг угтан Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй 7 худагт хийсэн тохижилтын ажлууд хийгээд наадмын өдрүүдэд зам хаах хуваарь, нийтийн тээврийн зохицуулалтын талаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Ц.Нямцэвээн, ТЦА-ны Замын цагдаагийн газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Н.Ганбат, Нийслэлийн Нийтийн тээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ц.Мягмар нар оролцсон юм.

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хорооны дэд дарга Д.Батболд:

-Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос Тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороонд 619 сая төгрөгийн төсөв баталж өгсөн. Төсвийн хүрээнд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй 7 худагийн явган хүний зам, авто зам, ариун цэврийн байгууламж, асар, үзэгчдийн суудлыг засан шинэчлэх зэрэг тохижилт, засварын ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Тухайлбал, иргэдэд ая тухтай орчин бүрдүүлэх зорилгоор Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талын 6600 ам метр талбайг зүлэгжүүлж, явган хүний 4818 ам метр зам талбайг засан шинэчилсэн. Төв цэнгэлдэх хүрээлэн орчмын авто замд сүүлийн 10-20 жил засвар, шинэчлэл хийгдээгүй байсан бол энэ жил 10.194 ам метр авто замд асфальт бетон хучилт, хэвтээ тэмдэглэл хийлээ. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 суултуур бүхий хоёр ариун цэврийн байгууламж шинээр барьсан. Харин Хүй 7 худагт 46 ариун цэврийн байгууламж ажиллана. Түүнчлэн Төв цэнгэлдэх хүрээлэн болон түүний гадна талбайд нийт 70 гэрэлтүүлэг хийж, туг мандуулах шонг засаж, шинэчилсэн. Худалдаа, үйлчилгээний нийт 725 байгууламж ажиллахаас Төв цэнгэлдэх хүрээлэнд 390 асар, Хүй 7 худагт 335 гэр ажиллах юм. Наадамчид та бүхнээс хог хаягдлаа ил задгай хаялгүй, соёлтой наадахыг хүсье хэмээлээ.




Өнөөдөр морь өдөр

16 цагийн өмнө