П.Бүрэнтөгс: Барилдааны явцад жаахан алдаа гаргаад өвдөг шороодсон

П.Бүрэнтөгс: Барилдааны явцад жаахан алдаа гаргаад өвдөг шороодсон

Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойд зориулсан 1024 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Ховд” дэвжээний бөх Оргихын Хангай арав даван түрүүлж, "Улсын аварга" болсон бол Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат улсын харцага Б.Орхонбаяр ес давж “Улсын арслан” цолтон болсон. 

Харин Улсын аварга П.Бүрэнтөгс есийн даваанд Улсын аварга О.Хангайд өвдөг шороодсон билээ. Тэрбээр уг барилдааныхаа талаар сэтгэгдлээ хуваалцан ярихдаа "Юун түрүүнд уудам дэлгэр орныхоо өнцөг булан бүрт суугаа элэг нэгт монголчууддаа Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баярын мэнд хүргэе. Монгол бөх хэмээх агуу түүхт өв соёлын өнгөрсөн, одоо, ирээдүйн хэлхээс болж буйд баяртай байна. Энэ жилийн наадам өргөн дэлгэр сайхан боллоо. Монгол түмэн минь наадмаараа цангасан байна. Улсын аварга цол хүртсэн учраас олон түмнийхээ хүндэтгэлийг хүлээж амжилтаа ахиулахаар зорьж барилдсан. Барилдааны явцад жаахан алдаа гаргаад өвдөг шороодсон. Бөхчүүд "Түрүү бөхтэй битгий таараасай. Муу бөхийн шийдсэн барилдаанд битгий унаасай" гэж ярьдаг. Түрүү бөхтэй таараад өвдөг шороодсон. Сайхан аварга, арслан цолтон төрлөө. Баяртай байна" гэлээ.