Монголын анхны гавьяат боксчин М.Нандинцэцэг даваа гарагт "Гавьяат"-ын найраа хийнэ

Монголын анхны гавьяат боксчин М.Нандинцэцэг даваа гарагт "Гавьяат"-ын найраа хийнэ

Монголын боксын спортод түүхэн гавьяа байгуулсан эмэгтэй боксчин бол М.Нандинцэцэг. Түүний дөрвөн жилийн өмнө Энэтхэгийн Дели хотод болсон ДАШТ-ээс авсан хүрэл медаль нь яахын аргагүй алтан үсгээр бичигдэх амжилт гэгддэг билээ.

Тэгвэл түүний гавьяа зүтгэлийг төр засгаас үнэлж, гавьяат хэмээх эрхэм цол олгосон. Тэрбээр Эрдэнэтийн унаган охин. Дэлхийн рингэнээс медаль хүртээд ирэхэд нь түүний өсөж төрсөн нутаг Орхон аймгийн удирдлагууд тоогоогүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлдэг. Мөн Эрдэнэт үйлдвэрийн хамт олон нь ч чимээгүй өнгөрсөн.

Угтаа М.Нандинцэцэг Хангарьд клубийн нэр дээрээс олон жил тулалдаж, Эрдэнэт үйлдвэрийн нэр хүндийг 10 гаруй жил өргөж, тэтгэж ирсэн.

Бокс бол олимпын хөтөлбөрт багтсан, бас Монголын “топ-4” спортын нэг. Хэдхэн хоногийн өмнө Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн удирдлагууд үндэсний бөх, шатрын олимпиадын ширээний алтан медальтнаа хэрхэн өлгийдөн авч байр сууцаар шагнасныг бүгд мэдэх. Тэгвэл Монголын боксын холбооны удирдлагууд тэр охины түүхэн амжилтыг зүй ёсоор үнэлэв үү гэх асуудал урган гарч ирж байна. Ирэх даваа гарагт ДАШТ-ий хүрэл медальт М.Нандинцэцэг гавьяат тамирчин цолныхоо найрыг хийх бөгөөд Монголын боксын холбоо, Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэр энэ удаа гавьяатыг хэр үнэлэх бол гэх хүлээлт байна.