Монголын иргэншлээс татгалзсан Саид Моллай "2024 оны зуны олимп"-д Азербайжаны өмнөөс оролцох боломжгүй болж магадгүй

Монголын иргэншлээс татгалзсан Саид Моллай "2024 оны зуны олимп"-д Азербайжаны өмнөөс оролцох боломжгүй болж магадгүй

Саид Моллаи 2019 онд Монгол Улсын иргэншилтэй болж, “Токио-2020” оны зуны олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн. Гэвч тэрбээр энэ хавар /2022.05/ Монгол Улсын иргэншлээс татгалзаж, улмаар Азербайжан улсыг төлөөлөн тэмцээнд оролцохоо мэдэгдсэн.

Тэрбээр тухайн үед “Төрөлх Азербайжан улсынхаа далбаан дор тэмцээнд оролцох болсондоо маш их баяртай байна. Биднийг дэлхийн болон Европын аварга шалгаруулах тэмцээн, 2024 оны Парисын зуны олимп хүлээж байгаа. Бидэнд цаг маш бага байна, өндөр амжилт үзүүлж, тугаа өндөрт мандуулахын төлөө би чадах бүхнээ хийх болно” гэсэн байдаг.

Тэгвэл нэг хэсэг монголчуудын хайр, талархал, бахархлыг төрүүлээд байсан тамирчин Саид Моллаи 2024 оны Парисын зуны олимпод оролцох боломжгүй болж магадгүй болжээ.

Тодруулбал, Саид Моллаи энэ оны тавдугаар сард Монголын иргэншлээс татгалзаж, Азербайжан улсын иргэн болсон байна. Үүнийг Олон улсын Жүдо бөхийн холбоо баталгаажуулжээ. Харин тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс хамгийн сүүлд энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр /2022.04.01/ Анталъя хотноо болсон Гранд Слам-д оролцсон аж.

Гэтэл Олимпын Хартын 41 дүгээр зүйлд хамаарах хэсгийн хоёр дахь заалтад “Олимпын наадамд тухайн ОУСХ-ноос хүлээн зөвшөөрсөн тив, бүсийн наадам, эсвэл дэлхий, бүсийн аварга шалгаруулах тэмцээнд нэг улсыг төлөөлөн оролцсон тамирчин иргэний харьяаллаа өөрчилсөн, эсвэл шинээр иргэн болсон тохиолдолд харьяатаа сольсны дараах гурван жилийн хугацаанд өөрийн шинэ улсын өмнөөс Олимпын наадамд оролцож болохгүй. Ийм тохиолдолд тухайн улсын ҮОХ, тухайн спортын ОУХ, ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл хамтран нөхцөл байдлыг зөвшилцөж тохирсны үндсэн дээр хүлээх ёстой уг гурван жилийн хугацааг багасгах эсвэл бүр хүчингүй болгож болно” гэж заажээ. 

Гэтэл Азербайжан улсын Үндэсний олимпын хороо нь өнөөг хүртэл шаардлагатай бүх баримт материалыг бүрдүүлэн Олон улсын олимпын холбооны гүйцэтгэх зөвлөлд мэдүүлээгүй байгаа аж. 

Үүнээс үзэхэд, Саид Моллаи 2025 оноос эхлэн Азербайжан улсын нэрийн өмнөөс тэмцээн, уралдаанд оролцох эрхтэй болох бөгөөд 2024 оны Парисын зуны олимпод оролцох боломжгүй болж магадгүй байна. Ташрамд өгүүлэхэд, Саид Моллай манай улсын олимпын наадмын мөнгөн медалтанд сар бүр олгодог гурван сая төгрөгийн тэтгэмжээ авсаар байгаа аж.