Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тав дахь Монгол жүдоч Ц.Цогтбаатар боллоо

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тав дахь Монгол жүдоч Ц.Цогтбаатар боллоо

“Токио-2020” олимпын хүрэл медальт жүдоч Ц.Цогтбаатар өнөөдөр /2022.10.08/ Узбекистаны нийслэл Ташкент хотод болж буй ДАШТ-нд урамтай сайхан барилдаж, учраа бөх дэлхийн аварга Японы тамирчин Соичи Хашимотог нэмэлт цагт этэх мэхээр ялсаар Дэлхийн аварга боллоо. 

Манай бөх нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар цэвэр, дараа нь Румыний А.Сулкаг хоёр вазаригаар мөн цэвэр, шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Тэрбээр өнгөрсөн жил Токиогийн олимпод энэ бөхийг мөн өчих мэхээр ялж, хүрэл медаль хүртсэн билээ. 

Манай бөх хагас шигшээд Италийн бөх, өнгөрсөн жилийн дэлхийн дэд аварга, Европын аварга М.Ломбардог вазаригаар буулган авч, дэлхийн медальтан болох нь тодорхой болсон юм. Улмаар финалд дэлхийн аварга япон бөх Соичи Хашимотог ялж, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч боллоо. Сонирхуулахад, өмнө нь Х.Цагаанбаатар (2009), М.Уранцэцэг (2013), Г.Болдбаатар (2014), Д.Сумъяа (2017) нар дэлхийн аварга болж байсан билээ.