Улаанбаатарын мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэрт тамирчдын үзүүлэх тоглолт болно гэж БТСУХ-ноос мэдээлжээ

Улаанбаатарын мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэрт тамирчдын үзүүлэх тоглолт болно гэж БТСУХ-ноос мэдээлжээ

Биеийн тамир, спортын улсын хороо /БТСУХ/, ОХУ-ын Спортын яамтай байгуулсан 2022-2024 онд хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу манай улсын “Сетепп арена” мөсөн ордонд ОХУ-ын уран гулгалтын нэрт тамирчдын үзүүлэх тоглолтыг хийх талаар мэдээлжээ.

Энэ үзүүлэх тоглолтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нар манай улсад айлчилж байна. Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан өнөөдөр ОХУ-ын Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич, Удирдах зөвлөлийн гишүүн Свиридов Сергей Васильевич нарыг хүлээн авч уулзав. Уулзалтын эхэнд Д.Жаргалсайхан дарга “Биеийн тамир, спортын улсын хорооны нэрийн өмнөөс Монгол улсад уран гулгалтын спортыг хөгжүүлэх, хүүхэд залуучуудын дунд таниулан сурталчлах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Та бүхэнд нийт уран гулгалтын спортыг сонирхдог, дэмждэг хөгжөөн дэмжигч, багш, дасгалжуулагч, тамирчид болон хувиасаа талархал илэрхийлье” хэмээв.

Уран гулгалтын үзүүлэх тоглолтыг зохион байгуулах нь хүүхэд, залуус руугаа чиглэсэн сайн сайнааны ажил гэж ойлгож болно. Хамгийн гол нь үзэгчдэд үзүүштэй байх нь чухал. Иймээс зохион байгуулалтыг хэрхэн хийх талаар ажлын хэсгийг хуралдуулах чиглэл өгсөн бөгөөд концевцоо батлах нь чухал болохыг тэмдэглэв. Монголын уран гулгалтын спортыг хөгжүүлэх хүрээнд тамирчин, дасгалжуулагч солилцох нь саналтай байгаагаа илэрхийлэв. ОХУ-ын Уран гулгалтын холбооны удирдлагууд айлчлалын хүрээнд уран гулгалтын үзүүлэх тоглолт зохион байгуулах “Сетепп арена” мөсөн ордонтой танилцсан бөгөөд Уран гулгалтын холбооны гүйцэтгэх захирал Коган Александр Ильич дүгнэхдээ “Степп арена ордон бол уран гулгалтын дэлхийн хэмжээний тэмцээн уралдаан зохион байгуулах шаардлагыг бүрэн хангасан байна. “Степп арена” ордны онцлог нь үзэгчдийн суудал нь зөв байрлалтай юм байна” хэмээн өгүүлэв. ОХУ-ын нэртэй уран гулгагчдын үзүүлэх тоглолтыг ирэх оны хоёрдугаар сард зохион байгуулах урьдчилсан төлөвлөгөө гарган ажиллаж байгаа ба 15 орчим тамирчин ирэх төлөвтэй байна.