Х.Болорчулуун: Гурилын үнэ зах зээлийн жамаараа өсөхгүй бол энэ салбар богино хугацаанд дампуурна

Х.Болорчулуун: Гурилын үнэ зах зээлийн жамаараа өсөхгүй бол энэ салбар богино хугацаанд дампуурна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг гурилын үнийн асуудлыг хөндлөө.

Тэрбээр "Хэрэглээний үнийн өсөлтийн түвшин 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 8 хувьтай орж ирсэн байна. Одоо бол инфляц 13, 14 хувьтай байгаа. Тэгэхээр 8 хувь дээр барьж чадах уу. 30 хувийн өсөлт айл өрхүүдийн орлогод дэндүү том дарамт болж байна. Манай Чингэлтэй дүүргийн нэг, хоёрдугаар хорооны айл өрхүүдийн хамгийн гол хэрэглээ гурил иргэд гурилан бүтээгдэхүүнээ авч чадахгүйд хүрлээ. Зарим айлууд талхаа таллаж авахад хүрээд байна. Гурилын үнийн огцом өсөлт цочроо өгч байна. Гурилын үнийг ингээд өсгөөд байх уу" гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Гурил будааны үнэ сүүлийн дөрөв, таван жил өсөөгүй. Үнэ тогтворжуулах  хууль хавар баталсан. Энэ хуулийн нэр нь буруу хууль байсан. Учир нь үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зөвхөн 10 хувийн инфляцийн өсөлтийг л хязгаарлаж чадна. Гэтэл гурил будаанд орох зардал нь өөрөө 50-60 хувь болсон. Түлш өмнөх оны мөн үеэс 40 хувь өссөн. Ургамал хамгааллын бодис 80 хувь өссөн. Бордоо нь 100 хувь өссөн. Ер нь зах зээлийн жамаараа явахгүй бол энэ салбар богино хугацаанд дампуурна" гэв.