Ч.Баярмагнай: Хүмүүс өхөөрдөж “Алуурчин шар” гэж хочилсон юм. Одоо өөрөө мөнгө олж, “Од” зан суугаад байгаа /ВИДЕО/

Ч.Баярмагнай: Хүмүүс өхөөрдөж “Алуурчин шар” гэж хочилсон юм. Одоо өөрөө мөнгө олж, “Од” зан суугаад байгаа /ВИДЕО/

“Хүн оюун ухаантай учир түүгээрээ амьтдыг ялангуяа хот тосгон үүссэн цагаас л бидэнтэй байсан нохой гэх амьтнаа хайрлаж хамт л явах ёстой. Амьтдыг хайрладаг хүн эцэг, эх, байгаль дэлхий, өөрийгөө болон бусдыг ч хайрлаж чаддаг болно” хэмээн ярилцлагын үеэр оролцогч маань хүн болон амьтадын холбоо хамаарлын тухай мэргэн үгсийг урсгаж байлаа.

Бид энэ удаагийн “Social ID” булангаараа түүнийг бус тус гэр бүлийн гишүүн амьтдын группийн од, хувцас загвар өмсөгч, хүний хэл сайн ойлгодгоороо алдартай “Алуурчин шар” хочит Баби гэх бяцхан нохойг онцоллоо.

ВИДЕО:

Баби одоо зургаан настай. Гэр бүлийнхээ зургаа дахь гишүүн. Тэр ердөө 20-иод см өндөр, 1,5 кг жинтэй. Гэвч түүнийг сошиалд “Алуурчин шар” хэмээн хочилдог аж. Мөн түүний бичлэгүүдийг Монгол улсын дөрвөн хүн тутмын нэг нь үзэж буйг хандалтаас нь харж болно. Иймд түүний хэрхэн од болсон талаар түүний эзэн Ч.Баярмагнай ийнхүү ярьсан юм.

-МАШ ОЛОН ХҮН БИД ХОЁРООР ТОГЛООМ ХИЙГЭЭД Л БҮГД МААЗАРЧ БАЙГАА ШҮҮДЭЭ ГОЛ НЬ АМЬТНААР ДАМЖУУЛАН ХОЛБОО ТОГТООЖ БАЙГАА НЬ ГАЙХАЛТАЙ-

“Манай энэ сүүлийн үед жоохон од зан сураад байгаа. Од ч гэж дээ хүмүүс мэддэг болсон түүх нь бол байрны гадаа салхилахаас эхэлсэн юм. Нэг удаа бид хоёр гарч явсан сөөхийн ах “нохойндоо хушуувч хийгээрэй” гэж хашхирдаг юм байна. Зүгээр тоглоом хийж байгаа нь тэр. Манай нохойнд таарах хушуувч олдохгүй шүү дээ. За тэгээд энэ явдлаас болж нэг бичлэг хийсэн. Уусан ундааны сав байхаар нь тайраад хошууч хийсэн Бабид яг таарсан юм. Тэр бичлэгийг нь олон нийтийн сүлжээнд тавьсан чинь нэг шөнийн дотор сая гаруй хүн үзэж, 20,40 мянган хүн лайк дарж, 20-иод мянган хүн шэйр хийсэн байсан. Дараа нь бид хоёр хааяа нэг бичлэг хийж тавьсаар байгаад хүмүүс нэлээд мэддэг болсон доо. Би нэг удаагийн бичлэгийн үеэр нохой барьсан гэж ярьсан. Түүнээс хойш хүн бүр “Алуурчин шар” гэж хочилдог болсон. Энд тэндээс тулаанд дуудна. Бид хоёрын зодолдох гэж юу байх вэ дээ. Хүмүүс өхөөрдөж тоглоом хийж байгаа юм.

Тэгэхээр энд хамгийн гол нь бид хоёр бичлэг хийж байгаа нь биш тэр олон хүн үзээд маазарч байна гэдэг нь энд амьтадаар дамжуулсан халуун дулаан холбоо үүсэж байна гэсэн үг. Энэ маш чухал. Учир нь өнөөдөр гарч буй хэргүүд мэдээллүүд, нэг шуугианаар нөгөө шуугианаа дарсан хар мэдээллүүд гэхчлэн нийгэм хүнд энэ стресстэй үед бидний болон амьтдыг бичлэг эерэг байгаа учир хүмүүс татагдаж байна гэж харсан. Нэг ч гэсэн эерэг юм байх хэрэгтэй шүү дээ” хэмээн ярих үед Баби камерын урдаас огт хөдлөхгүй ямбатай харц гаргана зогсоно.

Харин Бабигын харагдах байдал хөмсгөө будсан. Хумсаа улаанаар будсан. Төрөл бүрийн зүүлтүүдээсээ сонголтоор нэгийг нь зүүж бусдыг нь дэлгэн тавьсан харагдах аж. Түүнийг гэрийнхэн нь “Манай энэ чинь ганган хүүхэн шүү дээ” хэмээн. Бабид байх шуба, плаж хувцас хэрэглэлийн дийлэнхийг гэрийнхэн нь оёж өгчээ. Энэ гэр бүлийн тэргүүнийг Ч.Баярмагнай гэнэ. Тэр багаасаа амьтанд хайртай байсан бөгөөд тухайн үед бүх ихэнх хүүхэд нохой тэжээхийг хүсдэг байж. Учир нь тухайн үед амьтадын ертөнц, байгалийн тухай хичээлээр тэднийг хэрхэн хайрлах талаар заадаг байсан аж. Энэ нь төр засгаас авч буй хүнийг энэрэнгүй сэтгэлтэй болгож өсгөх томоохон үр дүнтэй бодлогуудын нэг байсан бололтой. Түүнчлэн Ч.Баярмагнай шинээр гарч буй “Гэрийн тэжээвэр амьтадын” тухай хуулийг ихэд сайшааж сэтгэгдлээ ярив.

-ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛЬ ЯГ ЗАЙЛШГҮЙ ХЭРЭГТЭЙ ҮЕДЭЭ ЗӨВ ЦАГТАА ГАРЧ ИРЖ БАЙНА-

Тэрбээр “Аливаа нийгэмд харилцаа байдаг. Тэр харилцааг зохицуулах хууль байх ёстой. Одоо энэ нохойны асуудал нийгэмд бүр тавигдах ёстой асуудал болсон. Том нохой хүүхэд урлаа л гэнэ. Эзэнгүй нохойнууд гудамжинд яваад байна л гэнэ. Зарим нь энэ нийгэмшсэн 21-р зуунд нохой буудаад явж байна шүү дээ. Айлын нохойг үүдэнд нь буудаад, цустай нь машинд шидээд явж байна гэхчлэн асуудлууд байна.  Тиймээс бүх харилцааг зохицуулах ёстой. Хуулийн зүйл заалтаар энийг хатуу чанга хэрэгжүүлэх ёстой гэж би боддог. Нохой гэдэг чинь биднийг л дагаад явдаг амьтан шүү дээ. Гэтэл өнөөдөр хүмүүс учраа мэдэхгүй. “Миний охин нохой авах гээд байна. Хүүхдэдээ ямар нохой авч өгвөл зүгээр вэ” гэж байгаа юм. Энэ чинь тоглоом биш. Гэр бүлийн гишүүн болгож яг хүүхэд шигээ асрахад бэлэн үү гэдгийг өөрсдөөсөө асууж байж авах хэрэгтэй.  Тэрнээс биш сэтгэл хөөрлөөрөө хэн нэгэнд бэлэглэдэг юм биш. Бас гудамжинд гадаадаас импортоор орж ирсэн янз бүрийн үнэтэй үүлдрийн нохойнууд маш их золбирч байна шүү дээ. Хариуцлагагүй үржүүлэгч нар үржүүлж зараад мөнгө олоод байдаг. Энэ ёстой зайлшгүй шаардлага бий болсон үед зөв хууль гарч байна. Энэ хуулийг маш хэрэгтэй. Цагаа олсон хууль болсон гэж бодож байна” хэмээсэн юм.

-БИД ТҮҮНД МАШ ИХ ХАЙРТАЙ. БИД БАБИГ ЯАЖ ХАЙРЛАН ТЭР ЯГ ТЭР ЯНЗААР НЬ ЗӨРҮҮЛЭЭД БИДНИЙГ ХАЙРЛАДАГ-

Энэ айлын хамаг л баяр баясал, инээд хөөрийн эзэн Баби гэнэ. Нэг өдөр хүү охин хоёр нь нохой тэврээд ирж. Энэ айл өмнө нь хоёр ч нохой тэжээж байсан. Гэхдээ дандаа том нохой мөн өмнө нь тэжээж байсан доберман гэх нохой шуудан зөөж, дэлгүүрээс худалдан авалт хийж авчирдаг байсан учир аав нь дахин тийм ухаантай нохойтой болохгүй гэж боддог байсан ч тэдний гэр бүлд ирсэн энэ жижигхэн нохой хурдан хугацаанд бүгдийнх нь хайрыг татаж, хүний хэл ч сайн ойлгож сурчээ. Тэр хүний хэлж буй үгийг ялгахдаа сайн үг, муу үг. Мөн өөрийнх нь хувьд шидэт үг болох мах идэх үү, гадаа гарах уу, хоол нь байгаа билүү гэхчлэн үгсийг маш сайн мэдэх аж. Яг л бүх үг нэг бүрчлэн ойлгоод байгаа мэт хэлсэн болгоныг зөв хийж харагдана. Энэ талаар гэрийнхэн нь хэлэхдээ “Баби минь манай гэр бүлд хөл хөгжөөн, хөөр баярыг бэлэглэсэн. Бид түүнд маш их хайртай. Бид яаж хайрлан тэр яг зөрүүлээд биднийг тэгж л хайрладаг. Ийм л хөөрхөн амьтан” хэмээсэн юм.