УОК: Нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл ихтэй дүн мэдээ гарчээ

УОК: Нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл ихтэй дүн мэдээ гарчээ

УОК өнөөдөр хуралдаж, өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил зэргийг хэлэлцжээ. Хэлэлцсэн асуудлын талаар УОК-ын Нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өнгөрсөн өвөл, хавар бэлчээрийн даац монгол орны нийт нутгийн 70 хувьд хүрэлцээтэй байсан бол энэ жилийн хувьд 40 хувьд хүрэлцээтэй, үлдсэн 60 хувьд бэлчээрийн даац хэтэрсэн дүн мэдээтэй байна. Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн 23.9 хувь нөөцтэй, 15.6 хувь бэлчээр хүрэлцээтэй, 34.4 хувь даац 1-3 дахин хэтэрсэн, 18.4 хувь нь олон дахин хэтэрсэн.

Аравдугаар сарын 31-ний байдлаар нийт нутгийн 30 орчим хувьд зудын эрсдэл их, 40 хувьд дунд зэрэг, 20 хувьд бага, 10 гаруй хувьд хамгийн бага эрсдэлтэй дүн мэдээ гарсан. Энэ жил улсын хэмжээнд 188.6 мянган малчин өрхийн 71.2 сая хонин толгойд шилжүүлснээр 122.5 сая толгой мал өвөлжих урьдчилсан дүн гарлаа. Мөн 21.8 мянган өрхийн 9.5 сая мал отроор зургаан чиглэлд өвөлжиж, хаваржих тоон мэдээлэл гарсан байна" гэлээ.