МОНЦАМЭ агентлагийн даргаар Э.Содонтогосыг томиллоо

МОНЦАМЭ агентлагийн даргаар Э.Содонтогосыг томиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын захирамжаар Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн даргаар Эрдэнэцогтын Содонтогосыг томиллоо. Тэрбээр өчигдөр ажлаа хүлээж авсан байна. 

Э.Содонтогос нь Гадаад хэлний дээд сургууль, СЭЗДС-ийг тус тус төгссөн, орос, англи хэлний орчуулагч, банк-зээлийн эдийн засагч мэргэжилтэй. БНСУ-ын Кюн Хи их сургуулийн Олон улс судлалын сургуульд Олон улсын улс төр судлал-эдийн засгийн магистрын зэрэг хамгаалсан, олон улсын улс төр судлаач, эдийн засагч.

Тэрбээр НҮБ-ын Хүн амын санд орчуулагчаар ажлын гараагаа эхэлж, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газарт атташе, ҮАБЗ-д мэргэжилтэн, 2009-2015 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Зөвлөх бөгөөд Шадар туслах, 2015-2022 онд Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээг боловсруулах Үндэсний ажлын албаны дарга, Монголын Мянганы Сорилтын сангийн гүйцэтгэх захирал зэрэг албыг хашсан, олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны салбарт 30 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн юм.

Түүнчлэн Э.Содонтогос нь уул уурхайн хөрөнгө оруулагчдын “Discover Mongolia” чуулга уулзалт, англи-монгол хэлээр хэвлэгдэн гардаг “Mongolian Mining Journal” сэтгүүлийг хамтран үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд МҮОНТ-ийн англи хэлээрх “Face to Face” нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллаж байжээ.