Шатахууны нөөцийн сав дэлбэрч цооног руу унасан байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайх болон ямар бүтэцтэй зүйл үлдчихсэн байгааг тогтоохоор ажиллаж байна

Шатахууны нөөцийн сав дэлбэрч цооног руу унасан байж болзошгүй хоёр иргэнийг эрэн хайх болон ямар бүтэцтэй зүйл үлдчихсэн байгааг тогтоохоор ажиллаж байна

Өчигдөр /2022.12.01/ Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт шатахуун түгээх станцын агуулахад гал гарсан дуудлага мэдээлэл холбогдох албаныханд 09:21 цагт иржээ. Хамгийн эхэнд тус аймгийн онцгой байдлын 54 дүгээр гал унтраах анги эхний ээлжид үүрэг гүйцэтгэсэн боловч галын тархац өргөн хүрээнд байсан тул хойд бүсийн болоод Эрдэнэт, УБ зэргээс анги нэгтгэлүүдийг дуудсан байна. Харин Зүүнхараагаас 60 тонн багтаамжтай гал унтраах вагоныг татан оролцуулсан аж.

Тодруулбал, Дархан-Уул аймаг дахь “Тэс петролиумХХК-ийн 2000 тонны шатахууны нөөцийн сав шатаж, улмаар Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Эрэн хайх, аврах бүлгийн 140 гаруй алба хаагч, гал түймэр унтраах үндсэн болон тусгай албаны 21 автомашин, УБТЗ Зүүнхараа дахь Галын галт тэрэг хамтран шуурхайлан нийт 8 цаг ажилласнаар тус өдрийн оройн 17:18 цагт гал түймрийн тархалтыг зогсоож, 18 цагт гал түймрийг бүрэн унтраасан юм.

Мөн Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн газар, Дархан-Уул сумын ЗДТГ, Дархан-Ус суваг зэрэг нийт 6 байгууллага аж ахуйн нэгжийн 152 алба хаагч 30 автомашинтай нэмэлтээр үүрэг гүйцэтгэжээ.

Гал түймэрт өртсөн газрын тосны бүтээгдэхүүн хадгалах сав нь 2 сая литр шатахуун хадгалах багтаамжтай бөгөөд гал түймэр гарах үед 650 мянган литр АИ-92 шатахуун хадгалагдаж байсан талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл тус галд гурван иргэн харамсалтайгаар амь насаа алдсан байж болзошгүй байгаа бөгөөд гал түймэр гарахаас өмнө резервуарт хэмжилт хийхээр нягтлан, нярав, харуул гурав ажиллаж, дэлбэрэлт болоход нэг иргэн гадаргууд шидэгдсэн байсныг олж эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн боловч эмнэлэгт хүргэгдэх замдаа нас барсан.

Хоёр иргэнийг резервуарын дотогш унасан байх магадлалтай гэж үзэж байгаа юм. Иймээс ОБЕГ-ын удирдлага дор хоёр иргэнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулахаар тухайн компанийн удирдлагуудыг оролцуулсан комиссоос ажлын хэсэг байгуулжээ.

Тодруулбал Дархан-Уул аймгийн онцгой комиссоос гурван чиглэлийн ажлын хэсэг гаргажээ.

Нэгдүгээрт, нэрвэгсдийн ар гэрт тусламж үйлчилгээ үзүүлэх, ар гэрийнхэнтэй холбогдох ажлыг Дархан сумын онцгой комисс болон тухайн компанийн удирдлагууд хамтран гүйцэтгэнэ.

Хоёрдугаарт, дараагийн үүссэн нөхцөл байдал буюу хоёр дахь шатанд хэрхэн арга хэмжээ авч гүйцэтгэх болоод хэргийн газрыг хэрхэн аюулгүй болгох, эрэн хайх ажиллагааг хэрхэн аюулгүй нөхцөлд явуулах тал дээр ажлын хэсэг байгуулсан аж.

Гуравдугаарт, мэргэжлийн байгууллага буюу цагдаа, тагнуулынхан ослын шалтгаан юу байсан талаар олж тогтоох, хэргийн газарт үзлэг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Өнөөдөр /2022.12.02/ дээрх шинээр байгуулагдаж байгаа ажлын хэсэг хэргийн газарт хэчнээн тонны, ямар хэмжээний, ямар бүтэцтэй зүйл үлдчихсэн байгааг тогтоох үзлэг явагдах талаар эх сурвалж мэдээллээ.

Монгол Улсын хувьд өмнө нь газрын тосны бүтээгдэхүүн хадгалах агуулахын резевуар буюу босоо ган хийцтэй саванд ийм томоохон хэмжээний гал түймэр гарч байгаагүй аж. Бид хэргийн талаар эргэн мэдээлэх болно.