ВИДЕО: “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авч, засварлана гэсэн Д.Сумъяабазарын захирамж ХЭРЭГЖИХГҮЙ биелэлтийн хугацаа нь дууслаа

ВИДЕО: “Гоожингийн өндөр”-ийг хамгаалалтад авч, засварлана гэсэн Д.Сумъяабазарын захирамж ХЭРЭГЖИХГҮЙ биелэлтийн хугацаа нь дууслаа

Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр” гэх 100 жилийн түүхт соёлын өвийг холбогдох яам, албаныхан тоохгүй орхисноос болж газрыг нь өөр зориулалтаар ашиглахаар ойр хавийн оршин суугчдаас гарын үсэг зуруулж байна гэх мэдээллийг бид одоогоос жилийн өмнө сурвалжилж байсан билээ.

Тэгвэл эл сурвалжилгын дараа аврал эрсэн Гоожингийн өндрийг өнгөрөгч 2021 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр /2021.12.28/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар А/1032 тоот захирамж гаргаж улмаар 2022 оны дөрөвдүгээр улирал гэхэд анхны хийц, бүтцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж, музейн чиглэлээр ажиллуулахыг үүрэг болгож “сүрийг үзүүлсэн” юм. Харин өнөөдөр тус барилга жилийн өмнө ямар байсан яг тэр навсайсан байдалтайгаа хэвээр байгаа юм. Захирамжыг ЭНД ДАРЖ харна уу. 

ВИДЕО:

Тодруулбал, Үндсэн хуулийн 7.1 дэх хэсэг Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна гэж заасныг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон холбогдох хуулиудыг үндэслээд НИТХ-ын 2007 оны 197 дугаар тогтоолыг үндэслэн тус тус захирамжилсан байдаг.

Тухайн үед Улаанбаатар хотын түүх соёлын үл хөдлөх дурсгал Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоёр давхар Гоожингийн өндөр гэх барилгыг эвдэх, гэмтээх, устгахаас хамгаалах зорилгоор цагдаагийн хамгаалалтад шуурхай авахыг НЦУГ-ын дарга н.Отгонжаргалд үүрэг болгосугай гэсэн байна.

Мөн түүх соёлын үл хөдлөх дурсгалыг анхны хэлбэр, хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлах ажлыг 2022 оны дөрөвдүгээр улиралд багтаан зохион байгуулахыг Нийслэлийн Соёл урлагийн газрын дарга н.Дамдинцэрэнд, түүх соёлын үл хөдлөх дурсгалт газрыг музейн чиглэлээр ажиллуулах бэлтгэлийг энэ оны дөрөвдүгээр улиралд багтаахыг Улаанбаатар хотын музейд тус тус даалгасан байна. Гэтэл энэ бүхнээс үзэхэд Улаанбаатар хотын засаг дарга Д.Сумъяабазар тэргүүтээ холбогдох нэр бүхий хүмүүс хөнгөн хуумгай хандаж түүхийн үнэт өв болсон энэ мэт барилгыг хогийн цэг болгож байгаа нь дэндүү харамсалтай байгаа юм.

Биднийг очиход дээр дурдсан цагдаагийн хамгаалалт байтугай музейн чиглэлээр ажиллуулах, сэргээн засварлах ажил нь ч хийгдээгүй байгаа бөгөөд “Гоожингийн өндөр” хэмээх 100 жилийн түүхтэй, навсгар байшингийн жишээ нь дээр манай хотын удирдлагуудын ам, ажил хэрхэн зөрдгийг бид бэлхнээ харж болно.

МУ-ын Засгийн газраас 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан. Иймд Гоожингийн өндрийн хийц, ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн түүх бол олон жуулчдыг татах бүрэн боломжтой хэдий ч хотын дарга Д.Сумъяабазар мэдэгдлээ биелүүлж, барилгыг цагдаагаар хамгаалуулах нь битгий хэл гар ч хүрсэнгүй.