"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнийхөн жагсч байна

"Монголын Үндэсний фронт" хөдөлгөөнийхөн жагсч байна

“Монголын Үндэсний фронт" хөдөлгөөн өнөөдөр  /2019.11.07/ хийх байсан жагсаалыг хойшлуулсан ч тэд төв талбайн гадна цуглаад байна. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас Монголын Үндэсний фронтын тэргүүн Б.Баярмагнайд  өчигдөр “Арваннэгдүгээр сарын 7-нд төрийн ёслолын арга хэмжээтэй тул жагсаал цуглаан зохион байгуулахгүй” хэмээн жагсаал цуглааныг маргааш 11.00-18.00 цагт зохион байгуулах зөвшөөрөл өгсөн байдаг.

Гэвч тэд жагсаалын хугацааг өөрчлөх боломжгүй учраас ийнхүү Сүхбаатарын талбайн зүүн талд машины хөдөлгөөн хаах үйлдэл гаргаж байгааг нь хуулийн байгууллага сануулсан ч тэд жагсаалаа үргэлжлүүлнэ хэмээн дуу хоолойгоо илэрхийлж байна.

Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөний тэргүүн А.Эрдэнэбаяр “Жагсаал хийх зар нэгэнт олонд тархсан учраас хүмүүс өнөөдөр цугласан байна. Тэгэхээр жагсаалыг хойшлуулах боломжгүй болсон.  Маргааш энэ жагсаал  үргэлжлэх юм.  Бидний зорилго УИХ-ыг тараах. Учир нь монголын гадаад өр 50 их наяд төгрөг болчихлоо. Тэр их өрийг 30 жил төрийг удирдсан олигарх болсон гишүүдээс иргэдийн өмч хөрөнгийг хураан авч  Монгол Улсын өрийг барагдуулах, УИХ-ыг тарааж дээд, доод  танхимтай ардын их хурлыг байгуулах гэсэн зорилгоор бид цуглаад байна.Үндсэн хуулийн хэрэгжилтийг хангаж төрийн эрх мэдлийг ард түмэнд буцааж өгөөч л гэж хүсч байна.Ард түмэн ирж дуу хоолойгоо хүргэж нэгдэж л байвал цаг хугацаа хамаарахгүй жагсана” гэв.

Тус жагсаалд  иргэний нийгмийн 70 гаруй байгууллагын төлөөлөл оролцож байна.