“Mongol Made” нэгдлийн хамт олон цагт гурван мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэр ашиглалтад орууллаа.
Тухайлбал, Ахуйн хэрэглээ, арьс арчилгаа, ариутгалын чиглэлээр 20 гаруй бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлж 100 гаруй ажлын байр шинээр бий болгож, гар аргаар 300 орчим мянган саван сард үйлдвэрлэх хүчин чадалтай байсан “Mongol Made” өнөөдөр цагт 3 мянган саван үйлдвэрлэх хүчин чадалтай савангийн автомат үйлдвэр ашиглалтад оруулснаар Монгол Улс хатуу савангаа 100 хувь дотоодоосоо хангах боломжтой боллоо.
Мөн хими, биологи, инноваци, оюуны өмчийн чиглэлээр ажилладаг 5 эрдэмтнээс бүрдсэн эрдэмтдийн зөвлөх баг уг бүтээгдэхүүн үйлдвэрт ажиллаж байгаа юм.
Түүнчлэн гар аргаар үйлдвэрлэдэг, нарийн орц найрлага бүхий гар нүүр, биеийн, барааны савангуудаа 1800-3000 төгрөгийн хооронд тэд борлуулдаг байсан бол савангийн автомат үйлдвэр ашиглалтад орсноор шахалт сайн, чанар өндөр, үнэ хямд буюу 1000 орчим төгрөгийн үнэтэйгээр худалдаанд гарах аж.