Хурандаа Х.Эрдэнэчимэг БНСУ-ын Батлан хамгаалахын хэлний институтийг сурлага, сахилгаараа тэргүүлжээ

Хурандаа Х.Эрдэнэчимэг БНСУ-ын Батлан хамгаалахын хэлний институтийг сурлага, сахилгаараа тэргүүлжээ

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагч ажиллагааны газар орондоо үүрэг гүйцэтгэлтээрээ манлайлж, дэлхийн орнуудын цэргийн их сургуульд сурлага, сахилгаараа тэргүүллээ.
 
Тодруулбал, Монгол Улсаас Япон, БНСУ, ОХУ, БНХАУ, АНУ, БНТУ зэрэг олон улсын цэргийн сургуульд суралцаж буй хурандаа Х.Эрдэнэчимэг БНСУ-ын Батлан хамгаалахын хэлний институтийг улаан дипломтай төгсөж, дипломаа өнөөдөр /2022.12.14/ гардан авсан байна. Институтийн захирал төгсөгчдөд хандаж үе үеийн монгол офицерууд манлайлагч байж чаддагийг онцолж, илүү их амжилт үзүүлж суралцахыг захижээ.
 
Өдгөө хурандаа бүсгүй үргэлжлүүлэн БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах Их сургуулийн Аюулгүй байдлын дамжаанд суралцах бөгөөд үүний өмнө хэлний дамжаагаа ийнхүү амжилттай дүүргэсэн байна.
 
Хурандаа Х.Эрдэнэчимэг нь ҮБХИС-ийн анхны эмэгтэй элсэгч, анхны эмэгтэй офицеруудын нэг. Мөн Зэвсэгт хүчиндээ хуруу дарам цөөхөн эмэгтэй хурандаа нарын нэгэн төлөөлөл. Тэр бас хурандаа аавын хурандаа охин. Олон тодорхойлолтын эзэн энэ бүсгүй ҮБХИС-д 1995-1999 онд ар талын офицероор суралцан төгсөжээ.