БНХАУ-ын Ганцмод боомтын удирдлагууд өнөөдрөөс /2022.12.30/ эхлэн хилээр нэвтрэхэд PCR шинжилгээ авахаа албан ёсоор зогсоож буй талаар Боомтын сэргэлтийн үндэсний хороо мэдээллээ.
Тодруулбал, БНХАУ Ковидын хатуу хөл хориогоо цуцалж, эдийн засгаа эргэн нээж байгаатай холбоотойгоор боомтын удирдлагууд цар тахлын зарим арга хэмжээг сулруулсан нь цаашид нүүрс тээвэрлэлт нэмэгдэхэд эергээр нөлөөлөхөөр байгаа юм. Тухайлбал, Монгол улсын экспортын гол гарц Гашуунсухайт боомттой хиллэдэг тус боомтоор өдөрт гарах нүүрс тээвэрлэлтийн автомашины тоо өндөр түвшинд хадгалагдаж, сүүлийн өдрүүдэд бараг 900-д дөхөөд байна. Он гарснаас хойш энэ сарын 22-ныг хүртэлх хугацаанд 30.3 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 90 хувиар өссөн дүн болжээ.