Хүүхэд өндөр халуурч буй тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөгөөр асаргаа сувилгааг хийх хэрэгтэй

Хүүхэд өндөр халуурч буй тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөгөөр асаргаа сувилгааг хийх хэрэгтэй

Томуу, томуу төст өвчин буюу амьсгалын замын цочмог хүнд халдвараар 15 хүртэлх насны хүүхдүүд илүү халдварлаж байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа. 

Тодруулбал, улсын хэмжээнд томуу, томуу төст өвчин 59.7 хувьтай /10000 хүнд тооцвол/, амьсгалын замын цочмог хүнд халдвар 4.6 хувьтай байна. ХӨСҮТ-д томуу, томуу төст өвчний улмаас 198 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 20 орчим хүүхэд уушгины хатгаагаар хүндэрсэн гэдгийг ХӨСҮТ-ийн Дэд захирал Ц.Чинбаяр хэллээ.

Тэрбээр "Хүүхэд нь өндөр халуурч байгаа тохиолдолд заавал эмчийн зөвлөгөөний дагуу асаргаа сувилгаа, эмчилгээг хийх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт есөн хүүхэд уушгины хатгаа, амьсгалын дутагдал, амьсгалын замын бачуурал оноштой хэвтэн эмчлүүлж байна” гэв. Мөн тэрбээр хүүхдээ олон нийтийн газраар авч явахгүй байх, 5 хүртэлх насны хүүхэддээ томуугийн вакцин хийлгэхийг зөвлөлөө.

М.АРИУНАА