Ирэх нэгдүгээр сард говийн аймгуудын нутгаар ОЖД-аас ялимгүй их цас орох төлөвтэй байна

Ирэх нэгдүгээр сард говийн аймгуудын нутгаар ОЖД-аас ялимгүй их цас орох төлөвтэй байна

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас 2023 оны 01 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөвийг гаргалаа.

Нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дундаж /ОЖД/-аас хүйтэн, хур тунадас дунджийн орчим байна. Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол говийн аймгуудын нутгаар ОЖД-аас ялимгүй их цас орох төлөвтэй байна.

Сарын эхээр ихэнх нутгаар ОЖД-аас дулаан байх боловч сарын дунд үеэр (нэгдүгээр арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн) ОЖД-аас 3–4°С-ээр хүйтрэх төлөвтэй. Хур тунадасны хувьд говийн аймгуудын нутгаар орох давтамж их байна.

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн болон гуравдугаар арав хоногийн дунд үеэр агаарын температур ОЖД-аас бага зэрэг дулаан. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр температур өмнөх үеэсээ хүйтрэнэ. 

Арав хоногуудын эхэн үеээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД-аас хүйтэн, хур тунадас нийт нутгаар дунджийн орчим байна.  Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 4–6°С-аар хүйтрэнэ. 

Нэг болон хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи зарим газраар 10–12 м/с, зарим үед түр зуур 12–14 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Зүүн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Хэнтийн ихэнх нутгаар ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Хэнтийн баруун болон Сүхбаатарын баруун өмнөд хэсгээр ОЖД-ийн орчим, бусад нутгаар дунджаас бага байна.

Нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлчээр агаарын температур ОЖД-аас 3–5°С-аар хүйтрэнэ. Нэгдүгээр арав хоногийн дунд болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар цас орно. Энэ үеэр салхи ширүүсч, зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 14–16 м/с хүрч ширүүсч болзошгүй. 

Говийн аймгуудын нутгаар: Энэ сард агаарын дундаж температур Өмнөговь, Дундговийн ихэнх, Говьсүмбэрийн нутаг болон Дорноговийн хойд хэсгээр ОЖД-аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас Өмнөговийн зүүн, Дундговь, Дорноговийн өмнөд хэсгээр ОЖД-аас ахиу, бусад нутгаар дунджийн орчим байна. Нэгдүгээр арав хоногийн дундаас гуравдугаар арав хоногийн эхэн үе хүртэл ихэнх нутгаар температур ОЖД-аас 2–3°С-ээр хүйтэрнэ. 

Гурван арав хоногийн дунд болон сүүлч үеүдээр ихэнх нутгаар бага зэрэг цас орох төлөвтэй. Энэ үеэр салхи ширүүсч 13–15 м/с хүрэх буюу зарим үед 15–17 м/с хүрч ширүүсч болзошгүй.