2022 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Усан парк"-аар эхэлж, "Нүүрсний хулгай"-г илчлэхийг шаардсан иргэдийн жагсаалаар өндөрлөж байна /ВИДЕО/

2022 ОНЫ ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ: "Усан парк"-аар эхэлж, "Нүүрсний хулгай"-г илчлэхийг шаардсан иргэдийн жагсаалаар өндөрлөж байна /ВИДЕО/

iSee.mn мэдээллийн сайт 2022 онд улстөр, хууль эрх зүйн орчин болоод нийгэмд болсон онцлох 22 үйл явдлыг нэрлэж байна.

ВИДЕО: 

  1. “Эм энд Жи” констракшн гэх компани 11.8 га газрын зөвшөөрөл авч Усан парк барина гэж газар аваад 25 давхар орон сууцны хороолол барьж эхэлсэн. Анх барилгын суурь тавигдаж хууль зөрчиж барилга барьж байгаа талаар мэдээлсээр байтал эл барилга өдгөө ашиглалтад орохоор захиалгаа авч эхлээд байна.
  2. Хууль зүйн сайд Х.Нямбаатар Үндсэн хуульд заасан иргэний үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн эсрэг ажиллаж “доромжлох” заалтыг Эрүүгийн хуульд оруулах гэж оролдов.
  3. Монгол-Оросын хамтарсан III сургуулийн захирал Ж.Соронзонтой холбоотой мэдээлэл нэг хэсэг олны анхаарлыг татаж, эцэстээ тус сургуулийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт шинжилгээний тайлан дүгнэлтийг үндэслэн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан энэ оны есдүгээр сарын 07-ны өдөр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв.
  4. Э.Цэндбаатар, З.Шинэчагтга нар мэргэжлийн боксоор халз тулалдахаар болж Э.Цэндбаатар ялалт байгуулсан. Гэвч З.Шинэчагтга тулааны бооцоо болох 300 сая төгрөгөө өгөхгүй байсныг бид сурвалжилж, энэ асуудал эцэстээ шийдвэрлэгдэж, Э.Цэндбаатар хоёр өрөө байрандаа оров.
  5. Засгийн газрын бүтцээ өөрчлөхийн тулд Үндсэн хуулийн цэцээр Үндсэн хуульд өөрчлөлт оруулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн эрх мэдлийн хүрээнд өнгөрсөн есдүгээр сард Засгийн газрын бүтцийнхээ 50 хувьд нь өөрчлөлт оруулж хуучин танхимаасаа “дан дээл”-тэй дөрөв, “давхар дээлтэй” дөрвөн сайд авч үлдээд бусдыг нь буюу найман сайдыг сольж, шинээр хоёр сайд нэмж томилов.
  6. Нийгмийн даатгалын сангийн өрөнд Чингис хаан банкнаас 25 тэрбум төгрөгөөр хүнсний ногооны зоорь худалдан авах гэж байсан нь олны эсэргүүцэлтэй тулгарч эл асуудал хойшлов.
  7. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвхөн бүс нутгийн айлчлал болгон хувиргаад байсан Монгол Улсын гадаад харилцаа НҮБ-ын Ерөнхий ассамблей, гуравдагч хөрш Япон зэрэг орнууд руу үргэлжилж эхэллээ. Тэрбээр мөн 2022 оны ШХАБ-ын уулзалтад “Цаашид Монгол улс ажиглагчийн байр, сууриа хадгална” гэдгээ илэрхийлсэн юм.
  8. Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарын мэдээлэл ил болж, улмаар зээлдэгч нарын зээлийг эргэн төлүүлснээр Монгол Улсын Хөгжлийн банк нэг их наяд 67.8 тэрбум төгрөгийн зээл барагдуулжээ.
  9. Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсгалт өв “Гоожингийн өндөр”-ийг сүйрч байгаа талаар бид мэдээлсэн. Үүний дараа Хотын дарга Д.Сумъяабазар захирамж гаргаж, анхны хийц, бүтцийг нь алдагдуулахгүйгээр сэргээн засварлаж, музейн чиглэлээр ажиллуулахыг үүрэг болгож, улмаар сэргээн засах ажил эхэллээ.
  10. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд “Эг”, “Эрдэнэбүрэнгийн” усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг ойрын хугацаанд эхлүүлнэ гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Владивостокт болон Дорнын эдийн засгийн чуулганы үеэр олон улсад зарлав. Сингапур, Герман дахь түүний айлчлалын үеэр “айл”-ын тал манай улсын газрын ховор элементийг сонирхож буйгаа илтгэж байлаа.
  11. Орос Украин дайны нөхцөл байдалтай байгаа энэ үед манай улс төвийг сахисан байр сууриа баримтлах ёстой ч  Монгол-Оросын хамтарсан цэргийн хээрийн сургуулилтыг энэ оны наймдугаар сард Ховд аймагт хийлээ.
  12. Дэлхийн “томчууд” дараалсан айлчлалтай жил байв. Арав гаруй жилийн дараа Монгол Улсад айлчилсан НҮБ-ын тэргүүн А.Гутерреш манай улсыг эрчим хүчний хараат бус болоход дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдэв. Харин бусад айлчлал нь Орос-Украины нөхцөл байдалтай холбоотойгоор бүс нутаг дахь том гүрнүүдийн нөлөөллийг хумих, НАТО бүсчлэлээ “Номхон далай-Энэтхэг” болгон өргөжүүлсэнтэй холбоотойгоор манай улстай харилцаагаа сайжруулах агуулгатай байв.
  13. Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазар Богд хан уулын Дугуй цагаан орчимд баригдсан шавар гэрүүдийг буулгах шийдвэр гаргасан нь "Энигма" ХХК-ийн эсэргүүцэлтэй тулгарч, тэд нэг хэсэг "байлдсан". Үүний ч Хотын дарга Д.Сумъяабазар "Энигма" ХХК-ийн хууль бусаар барьсан дөрвөн барилгыг зөрчилтэй барилгын жагсаалтаас хасах захирамж гаргасан байсныг бид илчилсэн.
  14. БТСУХ-ны дарга Б.Жаргалсайхан уг албанд томилогдсоноосоо хойш ОУ-ын олимпын хороо, Азийн олимпын зөвлөлийн зөвлөмжийг үл тоомсорлон Азийн хүүхдийн өвлийн олимпын наадамд оролцсон. Мөн Монгол Улсын нэг цонхны бодлогыг зөрчиж, Тайваны төлөөлөгчтэй уулзсан нь асуудал дагуулсан.
  15. ТЕГ-аас экстрэмист үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан Монгол Улсын нэр бүхий таван иргэнийг саатуулан мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байгаа талаар энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр мэдээлсэн. Ингэхдээ тухайн үед "Дээрх этгээдүүд нь нэр бүхий улстөрч, төрийн албан хаагчийн амь насанд халдахаар бэлтгэж байсан нь мөрдөн байцаалтын явцад илэрсэн" гэдгийг онцолсон.
  16. Киргизстан, Тажикстан улсуудын нутагт орших Памирын нурууны Ленин (7134м) оргилд соло авиралт хийж байсан Цэгц клубийн тэргүүн Х.Бумхишиг энэ оны есдүгээр сард 5800м өндөрт хоёр хөлөө хөлдөөсний улмаас бууж чадахгүй гацсан байдалтай байсныг аврах баг амжилттай буулгаж амь насыг нь аварсан.
  17. Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн амь насыг хөнөөж, цогцсыг нь цэргийн зориулалттай тэсрэх бөмбөгөөр дэлбэлсэн хэрэг Малайзад 2006 онд гарсан. Эл хэргийн үнэн мөнийг тогтоолгохоор талийгаачийн аав удтал хууль хяналтын байгууллагаар явж, энэ оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр /2022.12.16/ Монгол Улсын иргэн Ш.Алтантуяагийн гэр бүлийн таван гишүүнд 1.5 сая сингапур доллар төлөхийг тушаасан Малайзын шүүхийн шийдвэр гарсан байна.
  18. Удтал дуншсан Улаанбаатар-Дархан чиглэлийн 204 км, хоёр урсгал замыг 6 жил орчмын дараа нээлээ.
  19. Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн соёрхолт ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны “Тамгагүй төр” жүжиг дөрвөн сарын турш “HERO” энтертайнментын Б.Баатар найруулагчийн найруулгаар Улсын драмын эрдмийн театрын тайзнаа 117 удаа тоглогдож, 68 мянга гаруй хүн үзэв.
  20. Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав дэлбэрч, гурван хүн амь насаа алдав.
  21. Хөвсгөлийн "Улаан тайга"-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид эхээсээ өнчирч хоцорсон гурван бамбаруушийг тэжээж, энэ хавар байгальд тавьсан нь Монгол Улсад анхны тохиолдол болов.
  22. Энэ онд иргэдийн хоёр том жагсаал болов. Ажлаа хий жагсаал энэ оны дөрөвдүгээр сард болсон бол “Нүүрсний хулгайчдыг илчилж, шударга ёсыг шаардсан иргэдийн жагсаал энэ сард Төв талбай дээр 20 орчим хоног үргэлжиллээ.