Ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулахгүй байх шийдвэрийг УИХ гаргасан. Өөрөөр хэлбэл, өнөөдрөөс эхлэн иргэд зээлээ хуучин хуваарийн дагуу төлж эхэлнэ.
Цар тахалтай холбоотойгоор 2020 оноос хойш нийт таван удаа уг зээлийн төлөлтийг хойшлуулсан юм. Сүүлийн таван жилд 2021 оныг эс тооцвол жилд дунджаар 4,000-5,000 гаруй иргэнд ипотекийн зээл олгожээ.
2020 оны аравдугаар сарын 1-нээс зээлийн хүүг 6% болгон бууруулж, ₮10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлснээр ипотекийн зээл авсан иргэний тоо 2021 онд 13,292-т хүрч, ₮1 их наядыг уг хөтөлбөрийн хүрээнд олгосон байна. Гэвч цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор зээлийн төлөлтийг жил гаруй хугацаагаар хойшлуулснаар эх үүсвэр нь хумигдаж, зээл олгох нь удааширчээ.
2023 оны долдугаар сарын 1-н хүртэл ипотекийн зээлийн эргэн төлөлтийг дахин хойшлуулах талаар яригдаж байсан ч дараагийн зээлийн санхүүжилт бүрдэхгүй байгаа, Цар тахлын тухай хуулийн үйлчлэх хугацаатай холбоотой зэрэг асуудлаас үүдэн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргаад байна.