“Өвдөөд байна гэсэн болгонд гадаа гараад хайж, тусламж үзүүлэх боломжгүй. Аав нь мэдээллээ зөв өгөх хэрэгтэй байсан”

“Өвдөөд байна гэсэн болгонд гадаа гараад хайж, тусламж үзүүлэх боломжгүй. Аав нь мэдээллээ зөв өгөх хэрэгтэй байсан”

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр /2022.12.31/ 22:00 цагийн орчимд Өргөө амаржих газар төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн гадна 26 настай эмэгтэй автомашиндаа төрсөн гэх мэдээлэл цахим сүлжээнд гарсан.

Энэ талаар тухайн үед ажиллаж байсан эмч, сувилагч нар тодруулга өглөө. “Эмнэлгийн гадна автомашиндаа төрсөн явдалд бидний зүгээс уучлалт гуйж байна. Тусламж үзүүлэх хугацаа маш богино байсан. Хэд хэдэн удаа харьяалал бус байна хэмээн буцаасан зүйл огт байхгүй. Одоо эх хүүхдийн биеийн байдал сайн байгаа. Манайд үйлчлүүлэгчийг дэмжих алба гэж байдаг. Тухайн эмэгтэйн ээж нь буюу төрсөн эхийн ээж нь гомдол гаргасан гэх мэдээлэл авсан. Гомдлыг бид шат шатандаа шийднэ. Яг энэ үйл явдлыг манай жижүүрийн баг мэдээлсэн. Хүүхдийн аавтай нэлээн удаа ярилцаж, сэтгэл зүйг нь тайвшруулсан. Энэ асуудал бол нийгмийг цочроож, айдас үүсгээд байна л даа. Гэхдээ бас үйлчлүүлэгчдийн мэдлэг чухал. Төрөлтийн үйл ажиллагаа эхэлж байгаа үед аль болох яаравчлан төрөх эмнэлэг рүүгээ хандах хэрэгтэй. Төрөлт бол тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Тухайн ээж маань нэлээн түргэн хугацаанд төрөлт нь явагддаг онцлогтой байсан. Мэдээллээс үзэхэд 20:00 цагаас өвдөлт нь эхлээд 22:40 минутад хандсан байсан. Бүх камерын бичлэгийг баталгаажуулан шалгасан. Тухайн аав манай хүлээн авах руу эхнэрээ үлдээгээд хандсан байсан. өвдөж байгаа хүн чинь хаана байна вэ гэсэн асуултыг эх баригч маань тавьсан. Уг нь бол уг аав маань манай эхнэр гадаа дүлэлттэй байна гэсэн мэдээллээ зөв өгсөн бол бидний зүгээс яаралтай гадагшаа гарах ч юм уу тийм ээ, энэ хүнд ямар нэгэн байдлаар илүү тусламжийг ойртуулах тактикийн арга хэмжээ авч болох байсан. Гэтэл уг аав маань залуу аав, сандраад “ийм ойрхон өвдөлттэй байна” гэдэг мэдээллээ өгөөгүй зүгээр “өвдөөд байна” л гэсэн. Өвдөөд байна гэсэн болгонд тэр болгон гадаа гараад хайх боломж байхгүй. Хүлээн авахад нэлээн олон үйлчлүүлэгч зэрэгцээд үйлчлүүлж байгаа” гэв.




Өнөөдөр туулай өдөр

1 цагийн өмнө