Олон нийтийн сүлжээнд "Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 10 сая төгрөгийн мөнгөн торгууль оногдуулж, торгуулаа төлөөгүй тохиолдолд хоёр жил албадан ажил хийлгэх хууль энэ сарын 1-ны өдрөөс хэрэгжиж байгаа" гэх мэдээлэл тархаад байгаа юм.
Тус мэдээллийн дагуу бид Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Худал мэдээлэл. Тийм хууль батлагдаагүй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үед Зөрчлийн хуулиар шийтгэдэг хэвээрээ байгаа” гэв.
МУ-ын их хурлаас 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдөр баталсан "ЗӨРЧЛИЙН ТУХАЙ" хуулийн
- 14.7.3. Жолооч: 3.1.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон;
- 3.2.согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж хүнийг дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- 4.Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн хүнд тээврийн хэрэгслийн жолоог шилжүүлсэн бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
- 5.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн бол албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна гэсэн заалтууд хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.
М.АРИУНАА