Монгол, Хятадын хилийн Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг нэгдүгээр сарын 8-ны өдрөөс сэргээж байгаатай холбогдуулан Гадаад харилцааны яамнаас мэдээлэл хийж байна.
ГХЯ-ны Хөрш орнуудын газрын захирал Р.Алтангэрэл "БНХАУ олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөний нээж байгаатай холбогдуулан Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хүргэе. Замын-Үүд-Эрээн авто замын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг 2023 оны нэгдүгээр сарын 8-ны 08:00 цагт нээнэ.
Монгол Улсаас БНХАУ-д зорчих иргэд зорчихоосоо 48 цагийн өмнө Ковидын PCR шинжилгээ өгнө. Коронавирусний халуурах зэрэг шинж тэмдэг илэрвэл Хятадын хилээр нэвтрүүлэхгүй. Хоёрдугаарт, Хятадын гаалийн аппликэйшнийг татаж, мэдээллийг бөглөсөн байх шаардлагыг тавьж байгаа. Эхний ээлжид 300 зорчигчийг автобусаар хилээр нэвтрүүлнэ. Энэ тоог цаашид 500-1000д хүргэнэ. Эрээн хотод Монгол Улсын иргэдийг хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаж 22 зочид буудлын нэрийг үнийн саналыг ирүүлсэн.
Тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг гаалийн байгууллагад урьдчилан бүртгүүлнэ. "УАЗ-469" маркийн машиныг хил хооронд ашиглахгүйг Хятадын талаас анхааруулж мэдэгдсэн. БНХАУ-аас Монгол Улсад ирж байгаа иргэд эрүүл мэндийн асуумж бөглөнө. Харин ачаа тээврийн хувьд эхний өдрүүдэд 100 орчим машин нэвтрүүлнэ. БНХАУ руу нэвтрэх тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан мэдэгдэж, тус улсын талд цаг минутыг бүртгүүлсэн байх ёстой. Хэрэв энэ шаардлагыг чанд мөрдвөл ачаа тээврийн тоо нэмэгдэх боломжтой гэлээ.
Мөн "Хятадын иргэдэд зориулж гаргасан тусгай журам байхгүй. БНХАУ-аас халдвар орж ирвэл эрүүл мэндийн байгууллагууд шуурхай арга хэмжээ авна. Энэ сарын эхээр тус улсад халдварын томоохон давлагаа бий болж, одоо орон нутагт халдварын тохиолдол өссөн. Тус улс халдварын тоог мэдээлэхгүй байгаа тул бид Бээжин дэх ЭСЯ-наасаа байнга мэдээлэл авч байгаа. Хятадын талаас өгч байгаа мэдээллээр визгүй зорчих иргэдэд заавал буцах тасалбараа авах шаардлага тавьж байгаа" гэдгийг онцоллоо.