“ЭТТ” компанийн туслан гүйцэтгэгч "TTJVCO"-ийн монгол ажилчдын эрх зөрчигдөж байна гэв

“ЭТТ” компанийн туслан гүйцэтгэгч "TTJVCO"-ийн монгол ажилчдын эрх зөрчигдөж байна гэв

“Эв санааны нэгдэл" үйлдвэрчний эвлэлээс “ЭТТ” компанийн туслан гүйцэтгэгч БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай "TTJVCO" компани хууль зөрчсөн талаар мэдээлэл хийлээ.

Компанийн ажилчид 2020 онд үйлдвэрчний эвлэл байгуулжээ. Тус эвлэлийн нарийн бичгээр уурхайн даргын нарийн бичиг, санхүүгийн ажилтнаар уурхайн санхүүгийн ахлах мэргэжилтэн, хяналтын ажилтнаар уурхайн сургагч багш, тэргүүлэгч гишүүдээр онцгой байдлын ахлах мэргэжилтэн, тэсэлгээний инженер, засварын ажилтан зэрэг захиргаа удирдлагын ажилтнууд ажиллаж байгаа юм  байна. Харин үйлдвэрчний эвлэлийн эрхийн тухай хуулийн 6.5 дугаар зүйлд үйлдвэрийн газар, байгууллага, захиргааны удирдах албан тушаалтан нь үйлдвэрчний эвлэлийн сонгуульт ажлыг хавсарган гүйцэтгэж болохгүй гэж заасан байдаг. Энэ нь хууль зөрчиж буй үйлдэл хэмээн өнөөдөр мэдэгдэл хийсэн ажилчид хэлэв.

Тус ажилчид “TTJVCO” компани нь ажилчдынхаа эрх ашгийг зөрчиж, ажилчид шалтгаангүйгээр ажлаасаа халагдаж тухайн асуудал нь шүүхийн шатанд явж байгаа талаар өмнөх хэвлэлийн хурлаараа мэдэгдэж байжээ. Тухайн үед буюу өнгөрөгч оны нэгдүгээр сард Улсын дээд шүүхээс ажилчдыг үндэслэлгүй халсан нь үнэн хэмээн тогтоосон байна. Шүүхийн шийдвэр гарсан ч компанийн зүгээс тэднийг ажилд нь авахгүй байсан учир шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандсанаар тус оны гуравдугаар сарын 29-ны өдөр ажилдаа оржээ. Мөн үндэслэлгүйгээр  ажлаасаа халагдсан хугацааны нөхөн төлбөрийг олгохгүй байсны улмаас ажилчид дахин шүүхийн байгууллагад хандах зэрэг асуудлууд байсан учраас тэд өнөөдөр ахин хэвлэлийн хурал хийжээ. Компанийн зүгээс шүүхийн шийдвэр гарсан ч ажилчдын эрхийг зөрчин ажилд нь авахгүй байх үедээ “Хамтын гэрээ” гэж байгуулан тус хуульд 12 сарын хугацаанд өөрчлөлт оруулахгүй гэж хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна. Одоо ажилчид ажиллах орчин, нөхцлөө сайжруулах шаардлага тавихад хамтын гэрээ гэх зүйл саад болж байгаа юм байна. Ийнхүү Монгол ажилчдын эрх ашиг хөндөгдөж тэд бухимдалтай байгаагаа илэрхийллээ.

А.Сүнчигмаа