ВИДЕО: NBA-ийн "Asian Heritage night"-д оролцсон уран нугаралтын баг Ш.Энхийн-Одод зориулан үзүүлбэр бэлтгэж байгаа аж

ВИДЕО: NBA-ийн "Asian Heritage night"-д оролцсон уран нугаралтын баг Ш.Энхийн-Одод зориулан үзүүлбэр бэлтгэж байгаа аж

NBA-ийн "Asian Heritage night"-д оролцсон уран нугаралтын баг хоёрдугаар сард Ш.Энхийн-Одод зориулан үзүүлбэр үзүүлэхээр бэлтгэж байгаа ажээ.

ВИДЕО: 

Үндэсний сагсан бөмбөгийн холбоо( NBA -National basketball association) -ны "Голден стэйт уорриорз" -"Атланта хоукс" багуудын нэгдүгээр сарын гуравны тоглолт NBA Asian Heritage night буюу "Азийн өв соёлын үдэш" нэртэйгээр зохион байгуулагдсан. Тус тоглолтод Монголын өв соёлыг сурталчлах “Зэрэглээ” уран нугаралтын үзүүлбэрийг Сан Франциско хотын “Монгол уран нугаралтын төв” үзүүлсэн юм. Бид тус үзүүлбэрт оролцсон уран нугараач Монгол охин болон үзүүлбэрийн дэглээч багштай ярилцлаа.

Шинэ оны эхээр NBA-н тайзнаа “Азийн өв соёл сурталчлах” хүрээнд Монгол өв соёлыг сурталчилсан “Зэрэглээ” уран нугаралтын үзүүлбэр тоглогдсон билээ. Уг үзүүлбэрийг МУСТА уран нугараач Б.Сэрчмаагийн дэглэлтээр “Монголын уран нугаралтын төв” болон Сан Франциско хотын “Циркийн сургууль” –ийн оюутан, сурагчид хамтран үзүүлсэн юм. Тус багын бүрэлдэхүүнд Франц, Энэтхэг, Япон, Монгол эмэгтэйчүүдээс бүрдсэн 11-48 насны 14 уран нугараач оролцсон. Оролцогчдын хувьд мэргэжлийн уран нугараач нэг, оффис ажилтан дөрөв, бусад нь оюутан сурагчид байсан юм. Тус үзүүлбэр нь Сан Франциско хотод байдаг Монгол консул, Бэй Арейна мужийн монголчуудын холбооны урилгаар NBA-н тайзнаа тоглогдсон аж.

Үзүүлбэрийн онцлох нэгэн сонирхолтой мэдээ нь гоцолж нугарч байсан нугараач охин өөрийн ээж 48 настай эмэгтэйтэй нэгэн тайзан дээр хамт нугарсан явдал болсон байна.

Монгол охид, Монголын өв соёл болсон уран нугаралтын үзүүлбэрийг NBA-н тайзан дээр анх удаа үзүүлээгүй бөгөөд тэд одоогоос долоо, найман жилийн өмнө NBA-н тайзнаа гурван Монгол уран нугараач, нэг гадаад уран нугараач гэсэн дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй үзүүлбэр үзүүлж байсан талаар бидэнд сонирхууллаа.

“Монгол уран нугаралтын төв” нь Сан Франциско хотноо өдгөө найман жилийн турш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Циркийн сургуулийн харьяа бүхий л улсын уран нугараагчдыг танхим, цахим гэсэн сургалтуудаар зааж сургадаг ажээ. Тухайн төвийн нийт гадаад сурагчдын тоо нь 50-60, Монгол суралцагч 10 гаруй охид байдаг юм. Тус хотын “Circus center” буюу “Циркийн сургууль”-ийн 500 гаруй оюутан сурагчид Б.Сэрчмаа багшийн уран нугаралтын хичээлд явдаг юм. Тэрээр сургалтынхаа хүрээнд жил бүр тайлан тоглолт хийдэг аж. Монголын уран нугаралтыг дэлхийд сурталчлах, өвлүүлэх зорилгоор тэрээр “Монгол-Америк гүүр” хөтөлбөр зохион явуулдаг бөгөөд жил бүр Улсын их баяр наадмын үеэр өөрийн гадаад сурагчдыг авчран туршлага солилцох, уран нугаралтыг "үүссэн эх оронд нь хийх боломжийг олгодог" гэлээ.

Харин Монгол улсаас нэг удаа Баасанжав багштай дөрвөн уран нугараачийг өөрийн хөрөнгөөр санхүүжүүлэн Сан Франциско хот дахь “Монгол уран нугаралтын төв”-д авчран туршлага солилцуулж байжээ. Жил бүр тус хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг хүсдэг ч Монгол улсаас солилцоогоор сурагч авахад санхүүгийн тал дээр хүндрэлтэй байдаг гэдгээ ч мөн дурдсан юм.

Сэтгүүлч: М.Ариунаа